Нүүр хуудас Улс төр Монголын Засгийн газар Арбитр-ийн шүүхэд дуудагдах уу…

Монголын Засгийн газар Арбитр-ийн шүүхэд дуудагдах уу…

292
0
Монголын Засгийн газар Арбитр-ийн шүүхэд дуудагдах уу...
Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын Засгийн газрыг арбитрт өгөх үү.

Оюутолгой ХХК-д 2012-2015 оны хооронд явуулсан аудитын шалгалтын дүнд Монголын Татварын ерөнхий газраас 155 сая ам.долларын акт тавьсан билээ.

Оюутолгой төслийн эхний шатанд татвар дутуу төлсөн болон бусад санхүүгийн зөрчил гаргасан гэж Татварын байгууллага акт тавьсан үндэслэлээ тайлбарлажээ.

Харин “Turquoise Hill Resources” компани дээрх нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд “Бид үйл ажиллагаагаа явуулж байх үедээ хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийг үндэслэж, ногдсон татвар бүрийг тухайн цаг үед, бүрэн гүйцэд төлсөн” гэдгээ илэрхийлсэн байна.

Өмнө нь 2014 оны зургадугаар сард Татварын ерөнхий газрын байцаагчид есөн сар шалгасны эцэст Оюутолгой ХХК нь татвар төлөхөөс зайлсхийсэн, Хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг үндэслэлээр 130 сая ам.долларын татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж байв.

Харин Оюутолгойн хөрөнгө оруулагч Рио Тинто групп актыг хүлээн зөвшөөрөөгүй. Маргаж явсаар “Дубайн гэрээ”-ний дараахан Оюутолгой 130 биш 30 сая ам.долларын татвар төлөхөөр болсон байдаг юм. Дубайн гэрээгээр 100 сая долларыг чөлөөлүүлж чадсан хэрэг.

Тэгвэл энэ удаа мөн л Оюутолгой ХХК нь Монголын татварын албанаас тавьсан 155 сая ам.долларын актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Холбогдох албаныхан “хоёр тал тохиролцож байгаа” гэсэн тайлбар өгч байгаа ч цаанаа нэлээд маргаан өрнөж буй сурагтай.

Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар Оюутолгойн хөрөнгө оруулагчид Монголын татварын албаны актыг хүлээн зөвшөөрөхгүй, үл ойлголцож маргаан сунжирвал гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээр Монгол Улсын Засгийн газрыг олон улсын арбитрт өгөх боломжтой гэжээ.

Энэ тухайгаа Цагаан сарын өмнөхөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт уламжилснаар энэ сэдэв намжиж, Оюутолгойн ХХК болон Сангийн яамныхны дунд зөвшилцөл явагдаж байгаа сурагтай.

Ер нь Оюутолгой компани нь татварын акт тавих бүрт Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу татвараа төлсөн гэж мэдэгддэг. Гэхдээ Оюутолгойн хувьцаа эзэмшигч Рио Тинто группийг Монгол болон Канад дахь үйл ажиллагаагаа хэрхэн татвараас зайлсхийж байсныг нотлох хэмжээний судалгааны баримтыг Нидерландын “SOMO” олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагаас дэлгэжээ.

Уг судалгаа бүрэн эхээрээ саяхан Монгол хэл дээр гарсан бөгөөд Монголоос судлаач Д.Сүхгэрэл хамтран хийсэн байна.

Уг судалгаагаар Рио Тинто нь Монгол, Канадад төлөх үлэмж хэмжээний татвар төлөлтөөс байнга зайлсхийх, боломж бүхий татвараас бултах тогтолцоог бий болгож ирснийг нотолсон байна.

Тодруулбал, Рио Тинто компани Нидерланд, Люксембургд бүртгэлтэй оффшор дансаа ашиглан татвараас зайлсхийх тогтолцоог хэрэглэсэн гэж судалгаанд дурджээ.

Оюутолгойн ил уурхай ашиглалтад орж, хүдрийн олборлолтыг эхлүүлэхэд шаардлагатай 6.6 тэрбум ам.долларыг Люксембургд бүртгэлтэй “Шуудангийн хайрцаг” компанидаа оруулж, тэндээсээ Оюутолгой руу шилжүүлсэн байна. Ингэхдээ Монголын талын 34 хувь эзэмшлийг санхүүжүүлэх зээлийг Монголын Засгийн газарт олгожээ. Өөрөөр хэлбэл, ингэж зээл өгөх замаар Монголын Засгийн газрын Оюутолгой төслөөс ногдол ашиг хүртэх хугацаа хойшилжээ. Монголын Засгийн газар ногдол ашиг хүртэхийн тулд зээлээ эргэн төлсөн байх шаардлагыг тавьсан.

Түүнчлэн, хөрөнгө оруулагчид 2015 онд Дубайд хийсэн уулзалтын дараа “Рио Тинто”-гоос Нидерланд болон Люксембург дэх компаниуддаа шилжүүлэх хүүний орлогоос Монгол Улсын авах татвар 10 хувиас 6.6 хувь болж буурсныг судлаачид дурджээ.

Мөн Монголын татварын албанаас 2014 онд тавьсан 130 сая ам.долларын татварын актын хэмжээг гэнэт бууруулсан үйл явц давхацсан нь хэлцлийн явцад Монголын Засгийн газраас “Рио Тинто”-д хийсэн буулт гэж судлаачид таамагласан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here