Нүүр хуудас Улс төр Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг

Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг

167
0
ih-hurliin-darga-enkhbold
Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг
~Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг~

“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

2018.06.11 Улаанбаатар хот.

Эрхэм анд найз нар аа , Хүндэт парламентчид аа, Хатагтай, ноёд оо,

Дэлхий нийтээр ядуурлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах, хүн бүхэн амар тайван амьдрах, улс орон, иргэн бүрийн хөгжил дэвшлийг хангахад чиглэсэн

“Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр манай сайхан эх оронд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монголын хууль тогтоох Парламентын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентын элч төлөөлөгчид дэлхий дахины хамгийн чухал асуудлыг чухамхүү Монгол Улсад хэлэлцэн зөвшилцөж буйг бид нэр төрийн хэрэг гэж хүлээн авч, халуун дотноор угтан мэндчилж байгааг хүлээн авна уу.

Эрхэм нөхөд өө,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн хөтөлбөр бол дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдсэн, хамтран хүлээн зөвшөөрсөн, дэлхий нийтийн хамгийн их анхаарал татсан баримт бичиг, эрхэм чухал зорилт билээ.

Дэлхий ертөнц, хүн төрөлхтний ирээдүйн сайн сайхны төлөөх энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улс орнуудын парламент, хууль тогтоогчид өөрийн хувь нэмрээ манлайлан оруулах ёстой нь маргаангүй бөгөөд Та бидний хүндэтгэлт үүрэг юм.

Энэхүү үүргээ ямар арга замаар, хэрхэн биелүүлэх вэ, бид юуг чухалчилж, хаашаа зорих ёстой вэ гэдгийг Та бүхэн энэ өдрүүдэд хэлэлцэж, ярилцана.

Нийт ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогддог, төрийн үйл хэргийг олон түмнээ төлөөлөн шийдвэрлэдэг хууль тогтоох засаглал нь зөвхөн өөрийн улс орны дотоодод төдийгүй дэлхий дахины өмнө хамтын үүрэг хариуцлага хүлээх томоохон институц мөн билээ.

Энэхүү үүргээ бид харилцан ойлголцож, хамтран ажиллаж хэрэгжүүлнэ.

~Монгол Улс нь Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг~

Парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүс нутгийн төдийгүй манай гаригийн хөгжил дэвшил, олон улсын харилцааны тулгамдсан болон нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх нэн чухал механизм мөн гэдэгт миний бие итгэлтэй байна.

Тиймээс энэхүү уулзалтаас бүс нутгийн улс орнуудын тогтвортой, эрчимтэй хөгжлийг хангах, нийт хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, насжилт, төрөлтийг нэмэгдүүлэх, иргэндээ ээлтэй орчныг бий болгох, залуучуудыг эрх мэдэлжүүлэх талаар хууль тогтоогчдын зайлшгүй анхаарах ёстой олон чухал асуудлын гарц, шийдлийг тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм нөхөд өө,

Монгол Улс бол Тогтвортой хөгжлийн зорилтыг түүчээлэгч орнуудын нэг юм.

НҮБ-аас Дэлхий дахины тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан тунхагласны дараахан буюу 2016 оны хоёрдугаар сард манай хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлаас “Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан билээ.

Энэхүү үзэл баримтлалын үндсэн зарчим нь монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байртай, орлогын тогтмол эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоотой байж, чинээлэг хангалуун амьдрах ёстой гэдэгт чиглэж байгаа юм.

Энэхүү үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс 2030 он хүртэл эдийн засгийн тогтвортой, харьцангуй өндөр өсөлттэй байж, олон салбартай, нээлттэй эдийн засагтай болж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрч, дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болох зорилт дэвшүүлсэн.

Бид энэхүү зорилтоо дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн улс орнуудын хүчин чармайлттай нэгтгэн, хамтарч хэрэгжүүлэх ёстой. Чухамхүү ингэж чадвал дэвшүүлсэн зорилт маань илүү сайн үр дүнд хүрнэ гэж бид үзэж байна.

Тиймээс Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын энэхүү чуулга уулзалтад бид онцгой ач холбогдол өгч байгаагаа тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

Түүнчлэн энэхүү эрхэм чухал үйл хэрэгт Монгол Улс, Монголын парламент, хууль тогтоогч гишүүд өөрийн хувь нэмрийг оруулах эрмэлзэл дүүрэн байгааг илэрхийлье.

Бодлого, зорилтоо тодотгож, үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулах зорилгоор оюун ухаанаа уралдуулж, харилцан туршлага солилцох зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Эрхэм хүндэт зочид Та бүхэн Монгол Улсад тавтай морилно уу. Анхаарал тавьсанд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here