Нүүр хуудас Улс төр Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явцын талаархи мэдээлэл сонслоо

Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явцын талаархи мэдээлэл сонслоо

151
0
zeeliin huug buuruulah strateg
Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явцын талаархи мэдээлэл сонслоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2018.06.12/-ий өдрийн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчийн “Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх мэдээлэл”-ийг сонслоо.

Монгол Улсад зээлийн хүү өндөр байгаа асуудал сүүлийн 20 жил бодлогын түвшинд яригдсан ч өнөөдөр банкны зээлийн дундаж хүү жилийн 20 орчим хувьтай хэвээр байгаа аж. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд учирч буй гол саад бэхршээлийн нэг байдаг байна.

Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг бууруулах чиглэлд тусгай хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлсэн хэдий ч дорвитой үр дүн гарахгүй өнөөг хүрсэн байна. Зээлийн хүүгийн түвшинг захиргаадалтын аргаар бус харин эдийн засаг, санхүү, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах бодлогыг өмнө нь баримталж ирсэн онцлогтой аж.

Захиргаадалтын аргаар хүүг бууруулах оролдлого нь зах зээл, эдийн засагт нэмэлт гажуудал үүсгэх, тогтвортой хэрэгжих боломжгүй хэмээн үзэж байгаа юм байна. Иймд зах зээлийн зарчмын хүрээнд 11 зорилт бүхий “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг боловсруулсан байна.

~Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явцын талаархи мэдээлэл сонслоо~

-Инфляцийг тогтвортой, нам түвшинд байлгах-инфляцийн зорилтот түвшинг хангах.
-Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын секторын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах.
-Төсвийн сахилга батыг хангах, макро бодлогын уялдааг сайжруулах.
-Эдийн засгийг төрөлжүүлэх, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх.
-Бодлогын хүүгийн коридорыг ашиглан хүүгийн сувгийн нөлөөг сайжруулах.
-Санхүүгийн долларжилтыг бууруулах.
-Санхүүгийн хүчирхэг тогтолцоотой болох, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх.
-Зээлийн мэдээллийн сан, зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх.
-Зээлийн эрсдлийг бууруулах, энэ чиглэлд эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох.
-Банкуудын үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх.
-Төрийн болон санхүүгийн байгууллагуудын засаглалыг сайжруулах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.

Энэхүү стратеги амжилттай хэрэгжсэнээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүүг адил орлоготой бусад орны түвшинд хүргэх буюу одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар бууруулах зорилт тавьжээ.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Л.Болд, М.Оюунчимэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа.

2016 оны 10 дугаар сарын байдлаар жигнэсэн дунджаар зээлийн хүү 20.6 хувьтай байсан бол 2018 оны 04 дүгээр сарын эцсийн байдлаар 19.3 хувь болж буурсан үзүүлэлттэй байгааг ажлын хэсгээс мэдээлсэн. Түүнчлэн зээлийн бүтцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Зээлийн хүүг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллага ажиллаж байгааг зүйтэй хэмээн үзэж буйгаа гишүүд илэрхийлж байв.

Гэхдээ Монгол Улсын эдийн засаг нь гадаад орчноос шууд хамааралтай, эмзэг, эрсдэлтэй байдаг. Эдийн засгийн ийм эмзэг бүтцийнхээ төлбөрийг бид өндөр төлдөг.

Тиймээс энэ гажгийг засах ёстой, харин Монголбанк дангаараа үүнийг хийх боломжгүй. Харин Засгийн газартай нягт хамтран ажиллаж, дунд болон урт хугацааны бодлогын түвшинд эдийн засгийн бүтцээ эрүүлжүүлэх, бэхжүүлэх бодлогыг төлөвлөх нь зүйтэй гэдэг байр суурийг Б.Жавхлан хэлж байв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаан хаалттай горимд шилжсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here