Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт халуун амь, бүлээн цусаа зориулсан баатарлаг эр цэргүүд, өнөө цагт Монгол Улсынхаа энхийн манаанд төдийгүй шинэ үеийн бүтээн байгуулалтад оролцож, дэлхий дахинд энх тайвныг тогтооход ч хүчин зүтгэж байгаа эр цэргүүддээ “Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баяр”-ын мэндийг Нийслэлийн удирдлагын зүгээс өргөн дэвшүүлж байна.
Төрийн далбаандаа бөхийж, түмэн олон эх орондоо өргөсөн тангарагтаа үеийн үед үнэнч зүтгэж ирсэн Монгол цэргүүдийнхээ баатарлаг үйлсийг дурсах, гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, залуу хойч үедээ үлгэр дууриал болгох зорилгоор “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэж ирсэн түүхтэй билээ.
Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа, дархлаа юм. Энэ ч утгаараа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас батлан хамгаалах салбартай нягт хамтран ажиллаж, залуусаа эх оронч хүмүүжүүлээр төлөвшүүлэх, батлан хамгаалах салбарын хуулийг иргэддээ сурталчлах, энх цагийн бүтээн байгуулалтад эр цэргүүдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг тогтмол хийж ирсэн.
Түүнчлэн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд нэн тэргүүнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб дэмжиж, Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын орчныг сайжруулахад хамтран ажиллаж байгаад гүн талархалтай байна.
Монгол цэргийн эрдэм чадвар, эв нэгдлийг даян дэлхийд дуурсган байхын өлзийтэй ерөөлийг Та бүхэндээ дахин дэвшүүлье.
Монгол цэргийн хийморь үеийн үед мандан бадарч, Улаанбаатар хот маань хөгжин дэвжих болтугай.