Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1.2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 1230 үйлдэл бүртгэгдсэн нь 47 нэгж буюу 4.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна. БОАЖЯ, НАЖГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 зочид буудал, 230 дэн буудал, нийт 355 байгууллага, иргэнийг шалгахад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 50, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 14 зөрчил илрүүлэн зохих журмын дагуу арга хэмжээ авч, стандартын шаардлага хангаагүй 12 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлээд байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 126, зөрчлийн шинжтэй 991 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1117 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар илрүүлсэн зөрчил болон торгуулийн дүн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өссөн. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 593 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурсан байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор бага зэргийн цас орж, өдөртөө -13 хэм, шөнөдөө -22 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 111 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 102, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгасантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваанд гаргасан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постонд гурван ээлжээр 24 цагаар үүрэг гүйцэтгэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хугацаанд хяналт шалгалтын постоор амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн 92 автомашин нэвтрэхээс, гарал үүслийн бичиг баримтгүй 31 автомашиныг буцааж, нийт 4856 автомашинд хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийж нэвтрүүлсэн” гэж танилцуулав.
“Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан. Хяналт шалгалтад Нарантуул, Бөмбөгөр, Хархорин, Баянзүрх зэрэг томоохон худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, нийтийн хоол, хүнсний үйлдвэрүүд, нийт 432 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдаж 422 зөрчил илрүүлэн 276 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчилтэй 2 ААН-д 14 заалттай 2 албан шаардлага хүргүүлэн, 1.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.