Ирэх зургадугаар сарын 24-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар нэр дэвших нь тодорхой болж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн. Тэгвэл УИХ-д суудалтай МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэхээр шийдвэрлэж, бүртгүүлэх хүсэлтээ гаргасан.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллүүдээс хамгийн ихээр анхаарал татаж буй нь Сүхбаатар дүүргийн шүүхээс ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг ялгүйд тооцож, нэр дэвшүүлэх эсэх. Одоогоор шүүх байгууллагаас албан ёсны хариу өгч, СЕХ нэр дэвшигчээр зарлаагүй байгаа.
Харин өнгөрөгч баасан гаригт МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлаж, Н.Энхбаярыг нэр дэвших хууль эрх зүйн нөхцөл бүрдсэн гэв.
Түүнд 2012 онд шүүхээс хорих ял оногдуулсан байсныг Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлаас болж өнгөрөгч УИХ-ын сонгуульд “Цагдаагийн байгууллага ялтай гэсэн тодорхойлолт гаргасан” гэх шалтгаанаар Н.Энхбаярыг оролцуулаагүй.
Харин эл тодорхойлолт хууль зүйн үндэслэлгүй болсон хэмээн МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар баасан гаригт хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.