~ В.В.Путиний зөвлөх И.Е.Левитин УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа~
Зургадугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх И.Е.Левитин УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний бие төлөөлөгч, Монголыг сайн мэдэх хүнтэй уулзаж байгаадаа баяртай байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, хэд хоногийн дараа Улаанбаатарт болох гэж буй “Орос, Монголын санаачилга-2018” арга хэмжээ амжилттай болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Ноён И.Левитин өмнө нь ОХУ-ын Засгийн газарт Тээврийн сайдаар ажиллаж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийг ахалж байсан бөгөөд Улаанбаатарт болох уулзалтад оролцох юм.
“Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа 2017 оноос нэлээд идэвхжиж байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газрын салбар хариуцсан сайдуудын ихэнх нь ОХУ-д ажлын айлчлал хийсэн байна. Хоёр улсын Ерөнхийлөгч нар мөн уулзаж, хамтын ажиллагааны нэн чухал асуудлуудаар санал солилцсон. Бүхэлдээ манай хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байна. Гэхдээ боломж нөөцөө сайн ашиглах, илүү өндөр түвшинд хүргэх шаардлагатай байна” гэж УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын эхэнд онцоллоо.
Тэрбээр Монгол Улс 14 жилийн турш ажиглагчаар оролцсон ШХАБ-д гишүүнчлэлтэй болох, эсэх асуудлыг ҮАБЗ, УИХ-ын түвшинд нухацтай судалж байна. Түүнчлэн Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх асуудал яригдаж байгаа. Эдгээр асуудлаар хоёр улсын Ерөнхийлөгч уулзах үеэрээ илүү тодорхой ярилцах байх хэмээн тэмдэглэлээ.
Ноён И.Левитин “Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах нь танай улсын хувьд чухал ач холбогдолтой гэж би үздэг. Түүнчлэн Монголын нүүрсийг Алс Дорнодын боомтуудыг ашиглан гадаад зах зээлд гаргах нь чухал юм” гээд, Улаанбаатарт болох “Орос, Монголын санаачилга-2018” уулзалт энэ мэт хамтын ажиллагааны олон чухал асуудалд хариулт өгнө гэдэгт итгэж байна” гэв.
Уулзалтын үеэр төмөр зам, хөдөө аж ахуй, мал эмнэлэг, авто зам, бүтээгдэхүүний экспорт зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөж ярилцлаа.