УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2019.05.01/ хуралдаж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах, АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон. Хурлын эхэнд Хүний эрхийн комиссын илтгэлийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Мөн АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх асуудлыг хурлын эхэнд хэлэлцэх горимын санал гаргасан бөгөөд түүнийг нь мөн гишүүдийн олонх дэмжсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “АТГ-ын удирдлагыг томилох асуудалтай зэрэгцэн чөлөөлөх асуудал хамт орж ирж байгаа. Тиймээс одоогийн удирдлагын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг нь манай байнгын хороо нэг сонсох шаардлагатай байх” гэсэн саналыг илэрхийлсэн юм.
АТГ-ын дарга, дэд дарга нарыг томилох, чөлөөлөх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Ерөнхийлөгчийн саналд АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэж үзэж байгаа учраас тэдний оронд АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нарыг томилохыг тусгасан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч, саналаа илэрхийллээ. Тухайлбал,
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
-Нэр дэвшигчдийг дэмжиж байна. Хуулийн байгууллагад олон жил ажилласан, туршлагатай хүмүүс байна. Харин томилгоог хэлэлцэхдээ процедурын асуудал байх шиг байна. Эхлээд одоогийн АТГ-ын даргыг чөлөөлсний дараа томилох асуудлыг хэлэлцэх, мөн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэх, ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан уу. АТГ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг УИХ-аас гаргах ёстой байх. Энэ тогтоол томилгооны өмнө гарах уу. Өмнөх албан тушаалтныг чөлөөлсний дараа томилох асуудлыг хэлэлцэх ёстой болов уу. Авлигын хуулийн дагуу 21.5 дахь заалтад тусгасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэхийг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээгүй, шийдвэрээ гаргаагүй байгаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
-Үндсэн хуулийн Цэцэд жил гаруйн өмнө АТГ-ын удирдлагын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон эсэх асуудлаар иргэн хандсан. Гэтэл Үндсэн хуулийн Цэц ажлаа хийхгүй, өнөөдрийг хүртэл энэ асуудлыг хэлэлцээгүй, шийдвэр гаргаагүй байна. Тэгэхээр цаашид иргэдээс ирж байгаа мэдээллийг цаг алдалгүй шуурхай хэлэлцэх шаардлага Үндсэн хуулийн Цэцэд байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Томилдог байгууллага нь чөлөөлөх, томилох асуудлаа шийдэх байх. Ерөнхийлөгч зөвхөн нэр дэвшүүлэх эрхийн хүрээнд оруулж ирж буй. Хэрэв УИХ-ын бодлого нь нөхөн хугацаа байхгүй гэж үзсэн бол Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн хороо зэрэг байгууллагууд шиг нөхөн байхгүй байх ёстой. ҮАБЗ-ийн зөвлөмж гараагүй, чөлөөлөх, томилох асуудлыг нэг тогтоолоор гаргах боломжтой. Үүнийг УИХ шийднэ.
УИХ-ын гишүүн Н.Оюундарь:
-АТГ-ын удирдлагын томилгооны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Иргэний нийгмийн байгууллага болон иргэд, төрийн бус байгууллагууд шударга, хараат бус байдлаар ажиллах шаардлага тавьж байгаа. Нэр дэвшигчдийн зүгээс цаашид хэрхэн ажиллах вэ.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:
-Нээлттэй хэлэлцүүлэгт 70 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон. Тэдний зүгээс АТГ-ыг иргэдэд нээлттэй болгох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа иргэдийн оролцоотой хийгээч гэсэн. Мөн нийгэмд дуулиан тарьсан олны анхаарлыг татсан хэргүүдийг яаж шийдвэрлэх вэ гэдгийг хэлсэн. Ажлаа авсан тохиолдолд хэргийн мөрдөн шалгалтыг шуурхайлж, тодорхой зохион байгуулалт хийнэ.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:
-Ер нь бол хэлэлцүүлгийн үеэр хэлсэн саналуудыг тусгаж ажиллана. Хууль хэрэгжсэнэс хойш хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн ашиг сонирхлын зөрчлийг хянаж шалгадаг, хяналтаа тавьдаг байдал нь өнгөрсөн хугацаанд сайн үнэлгээ өгч байсан. Төрийн албыг хашихад хувийн байдал, хувийн ашиг сонирхол, нөлөөлөх, нөлөөнд автах, хувийн ашиг сонирхлыг нийтийн ашиг сонирхлоос ангид байлгах чиглэлээр хууль үр дүнгээ өгч байгаа учраас илүү сайжруулж ажиллана.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Авлигын индекс буурвал АТГ сайн, өсвөл АТГ муу ажиллаж байгаа гэсэн буруу ойлголт олон нийтийн дунд байна. Авлигатай тэмцэх чиглэлээр явуулж буй арга хэмжээ, хүнд суртал буурсан эсэх, төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхдээ авлигаас ангид явж байгаа эсэхийг дүгнэдэг индекс юм. Авлигатай ганц энэ байгууллага тэмцэх бус нийгмээрээ тэмцэж байж болдог гэдэг ойлголтыг иргэдэд зөв өгөх ёстой. Хууль бусаар хөрөнгөжих чиглэлээр хийгдэж байгаа ажил байхгүй байна. ХОМ ил болгоно гэдэг нь өөрөө энэ асуудлыг олон нийтийн хараа хяналтад оруулж буй. Хууль бусаар хөрөнгөжих олон улсын конвенцийн заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр нэр дэвшигчид яаж ажиллах вэ. Мөн дуулиан дагуулаад байгаа хэргүүдийн талаар барилаа, хорьлоо гэх бус хурдан шуурхай шийдвэрлэх чиглэлээр хэрхэн ажиллах вэ.
АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа:
-Хууль бусаар баяжих конвенцид нэгдэж, заалт нь 2015 оноос хэрэгжиж байгаа. Хууль бусаар хөрөнгөжиж байгааг ХОМ-оор хяналт шалгалт хийж тогтооно. Мөн хууль бусаар баяжих асуудлыг иргэдийн мэдээлэл дээр тулгуурлаж шалгана. Түүнээс гадна зөвхөн орлогын мэдүүлэг авч байгаа. Гэвч зарлагыг нь ерөөсөө авч үзэхгүй байгаа. Тиймээс орлого, зарлагыг хоёуланг нь шалгах нь зөв болов уу гэж бодож, ажиллана гэж бодож байна.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан:
-2015 оноос хууль бусаар хөрөнгөжих асуудлыг Эрүүгийн хуульд тодорхой тусгаж өгсөн. Түүнээс өмнө авлигын эсрэг хуульд заасан зөрчлийн шинжтэй агуулгатай байсан. Зөвхөн мэдүүлэгтэй холбоотой зохицуулалт хийдэг байсан. Эрүүгийн хуульд энэ заалтыг оруулж өгснөөр олсон хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй бол гэсэн тодорхойлолттой. Яг энэ чиглэлээр хэрэг шийдэгдсэн практик дутмаг байна. 2015 оноос хойш энэ асуудлаар 2 л удаа шалгагдаж, хэрэгсэхгүй болсон гэсэн мэдээлэл надад бий. Томилогдсон тохиолдолд энэ чиглэлээр судалгаа мэдээлэл бэлтгэж, хууль санаачлагч нартай хамтарч ажиллана.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан учраас АТГ-ын удирдлагыг чөлөөлөх асуудал орж ирж байгаа гэж бодсон. Өмнө нь энэ асуудлыг хэлэлцэх үед хууль зөрчиж байгаа учраас хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбар өгч байсан. Энэ нөхцөл байдал өөрчлөгдсөн юм уу. Хууль зөрчихгүй юу. Үндсэн хуулийн Цэцэд гомдол гарсан байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байхад энэ асуудлыг ярих нь зөв үү. Чөлөөлөх асуудал хэлэлцээгүй байхад томилгооны асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчих үү. Мөн чөлөөлөгдөх гэж байгаа АТГ-ын дарга Х.Энхжаргал, Ц.Нямдорж нараас өнгөрсөн хугацаанд авлигын индекс болон хийж байсан ажлынхаа талаар хариулт өгөөрэй. Өнгөрсөн хугацаанд дуулиан үүсгээд байгаа олон хэргүүд ямар шатандаа явж байна вэ.
АТГ-ын дарга Х.Энхжаргал:
-Намайг томилогдож ажилласнаас хойш болж өнгөрсөн үйл явдлыг нийтэлж мэдээлж ирсэн. Авлигын индекс 72-т байж байгаад 103-р байр луу ухарж, энэ жил 93 дугаар байрт шилжсэн. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь олон Бондууд гадаадаас босгож, түүний дараа бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн. Энэ нь олон улсын байгууллагад “муу нэр” дуулах гол шалтгаан болсон. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт Оюутолгойтой холбоотой шалгасан хэргийн эмхэтгэлийг өгсөн. Энэ бол АТГ-ын хийсэн маш том хэрэг гэдгийг онцлон хэлж байна. Төр нэгэнт ажлаа авах гэж байгаа учраас энэ асуудлыг цаашид заавал үргэлжлүүлж шалгах ёстой гэж бодож байна. Ер нь бол анхаарал татсан хэргүүдийн талаар гурван боть 69 хэргийн эмхэтгэлийг Улсын ерөнхий прокурорын байгууллагад өгнө.
Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
-33 их наяд төгрөгийг өршөөсөн гэж байна. Энэ хөрөнгийн хэд нь эд хөрөнгийн асуудал байна вэ. Оюутолгойн хэрэг ямар шатандаа явж байгаа гэсэн үг үү, дууссан гэсэн үг үү.
АТГ-ын дарга Х.Энхжаргал:
-Оюутолгойн хэрэг 90 орчим хувьтай байгаа. Хамтад нь маш нууц материал танилцуулсан байгаа. 33 их наяд төгрөг дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, нууцлалтай мэдээлэл Татварын ерөнхий газар дээр байсан. Цөөн хүрээнд шаардлагатай тоонуудыг л бидэнд өгсөн.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Ерөнхийлөгч жилийн өмнө өгсөн бичигтэй адил байгаа бөгөөд өмнө нь УИХ-аас ирүүлсэн хариултыг буруу гэж үзэж байгаа.
Ийнхүү гишүүд үг хэлж, асуулт асуусны дараа санал хурааж, АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,6 хувиар дэмжсэн бол дэд даргад Ж.Батсайханыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 91 хувь дэмжив. Үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх асуудлыг хуралдаан оролцсон гишүүдийн 83,3 хувь, дэд дарга Ц.Нямдоржийг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83,3 хувь дэмжлээ. Ингээд АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.
Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна…