Нүүр хуудас Улс төр Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн асуудалд “ажлын хэсэг” байгуулна

Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн асуудалд “ажлын хэсэг” байгуулна

236
0
Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг тойрсон асуудал
Д.Эрдэнэбат: Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг тойрсон асуудлыг судлах ажлын хэсэг байгуулна гэв. Тодруулбал УИХ-ын Хаврын чуулганы хуралдаан нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулиудын төсөл, Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэв.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд тус бүлгийн дарга Д.Эрдэнбат “Хаврын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх хэд хэдэн анхаарал татсан хуулийн төслүүд байна. Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх, үндсэн чиглэлийн биелэлт буюу Засгийн газар бүтэн жилийн ажлыг дүгнэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлтээ гаргана” хэмээн мэдэгдэв. Түүнчлэн, “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр бүлгээс нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, ажлын хэсэгт саналаа өгсөн байгаа.

Харамсалтай нь уг хуулийн шинэчилсэн найруулга дээр нийслэлийн онцгой статусыг тусгах талаар хангалтгүй заалтууд орсон. Тиймээс Ардчилсан намын бүлгээс нийслэлийн онцгой статусыг бүрэн хангасан, удирдлагын, хот төлөвлөлтийн болон өмч, татвар болоод орлоготой холбоотой асуудлуудыг маш зөв зохицуулсан хууль батлах ёстой гэж үзэж байгаагаа мөн илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүлгийг зүгээс хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Учир нь УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлууд сүүлийн үед их гарах боллоо. Тиймээс Үндсэн хуульд нийцүүлсэн хэмжээнд хуулиудын өөрчлөлтөд анхаарлаа хандуулах болно. Намрын чуулганаар нэг маргаан дагуулсан хууль бол Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай, Намрын чуулганаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль нь унаад Засгийн газар руу буцаагдсан учраас тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг дахин хэлэлцэнэ” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухайд, УИХ-ын гишүүдийн сахилга хариуцлага, улстөрийн намуудын тухай, орон нутгийн сонгуулийн бие даасан байдлын, нутаг дэвсгэрийн өөрчлөлт, төсвийн бие даасан байдлын хангах зэрэг асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий хэдий ч МАН-ын хариуцлагагүй 65 гишүүнээр Үндсэн хуулийг хэлэлцүүлэх нь буруу гэж АН-ын бүлгийнхэн дүгнэжээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь Засгийн газрын гадаад өрийн асуудал болоод байна. Энэ Засгийн газрын тавьсан гадаад хангалттай болчихсон. Үүнээс цаашаа явахаар бол улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал болно. Учир нь Монгол Улсын Засгийн газрын өр өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 74.4 хувьд хүрчихсэн байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ны байдлаар 4 тэрбум гаруй ам.доллар байсан бол өнөөдөр 7 тэрбум гараад явж байна. Эрх баригчид өр тавихдаа өмнөх өрийг хааж байгаа гэж тайлбарлаж байгаа. Гэтэл өмнөх өрийг дарах зорилгоор тэрбум гаруй ам.долларыг л зарцуулсан.

Тэгвэл зөрүү тэрбум гаруй ам.доллар хаашаа орсон нь тодорхойгүй байна. Тиймээс Засгийн газрын гадаад өрийн бүх зарцуулалтыг эргэж харах шаардлагатай байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд дахиад нэг тэрбум орчим ам.долларын зээлийг авахаар яригдаж байна. Энэ мэтээр өр нэмэгдэх хүлээлтүүд үүссэн байгаа. Тиймээс бүлгийн зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад өр, зээлийн асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа” гэлээ.

Мөн түүнчлэн Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр гээд уул уурхайн том стратегийн ордуудыг тойрсон асуудлыг судлах ажлын хэсгийн УИХ дахь АН-ын бүлэг байгуулахаар болжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Оюутолгойтой холбоотой асуудлаар АН-ын гурван хүнийг баривчилсан. Гэвч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын 2009 оны 57 дугаар тогтоолоор гэрээ хийх эрхийг тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баярт өгсөн тогтоол байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг УИХ батлаагүй. Харин С.Баярын Засгийн газар баталсан юм. Ажлын хэсгийн нь тухайн үеийн Эрдэс баялгийн сайд Д.Зоригт ахалж байсан. Тэгвэл уг гэрээтэй гол холбогдож байгаа хүмүүсийг шалгахгүй, байцаахгүй АН-тай холбоотой гурван хүнийг баривчилж байгаа нь улс төрийн захиалга байна уу гэсэн болгоомжлол бий болгож байна.

Тиймээс шалгах л гэж байгаа бол намаар нь ялгахгүй тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Эрдэс баялгийн сайд Д.Зоригт гээд шалгах хэрэгтэй” гэсэн юм. Үүнээс гадна Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкны барьцаанд тавьсан, түүнээс үүссэн хохирлын асуудлаар ажлын хэсэг байгуулж, учирсан хохирлыг холбогдох этгээдүүдээр төлүүлэх шаардлагыг УИХ-ын даргад УИХ дахь АНын бүлгээс хүргүүлж байгааг хэлэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Оюутолгойтой холбоотой УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт АН-аас гишүүн байгаа юу?
-АН-аас З.Нарантуяа гишүүнийг оруулсан байна. Гэхдээ эд нар ажлын хэсэг байгуулаад анхныхаа хурлыг хийсэн байна. Маш ноцтой нэг зүйл нь энэ ажлыг хэсгийг урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргачихаад, өмнөх шалгалтууд дээр үндэслээд дүгнэлт гаргана гэсэн асуудал яригдсан байгаа юм. Ингэж болохгүй. Хэрвээ ажлын хэсэг гаргасан л юм бол шинээр бүгдийг нь шалгаад, дүгнэлтээ цоо шинээр гаргах ёстой. Ажлын хэсгийн гол зорилго нь хөрөнгө оруулалтын гэрээг шалгах юм. Түүнээс Оюутолгойн үйлдвэрийг шалгах биш. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нь нийтэд ойлгомжтой болсон. Энэхүү гэрээний буруу, зөв нь юундаа байсан, Монгол Улс яаж хохирсон юм гэдгийг үнэн зөв дүгнэж гаргах ажлын хэсэг. Тиймээс ч дүгнэлтээ яг үнэн зөвөөр нь гаргаарай гэдэг үүргийг ажлын хэсгийн гишүүн З.Нарантуяад өгсөн.

-АН-ын зүгээс шалгагдаж байгаа намынхаа гишүүдийг өмгөөлж, хамгаалах уу?
-АН гишүүдээ өмгөөлөлгүй яахав. Гэхдээ асуудалд тэнцвэргүй, улстөрийн өнцгөөр хандаад байвал бид үгээ хэлэх л ёстой. АН-ын гурван гишүүнийг би шалгуулахдаа үнэн зөвөө олоод гараасай гэж үзэж байгаа. Бидний эмзэглэж байгаа нэг зүйл нь яагаад зөвхөн АН-ын гишүүдийг бариад байгаа юм. Яагаад гол хариуцагч болох Засгийн газрын тэргүүн, ажлын хэсгийг ахлагчийг барихгүй байна вэ гэхээр МАН харагдаад байгаа юм. Тэгэхээр нь чинь улстөрийн хэлмэгдүүлэлт руу явчих вий гэсэн болгоомжлол байгаагаа л хэлж байна. Танай, манай намын гэсэн ялгаврыг байлгаж болохгүй зүйлийг хууль хяналтын байгууллагууд хийж байгаа шүү гэдгийг анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here