Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хүлээж аваад нэн тэргүүнд эхлүүлсэн том зорилт, гол ажлын нэг бол Улаанбаатарчуудын сэтгэлийг зовоож, эрүүл ахуйд нь сөргөөр нөлөөлж байгаа Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил байсан.
Сүүлийн хориод жил ярьсан ч шийдэгдээгүй энэ ажил өнөөдөр биеллээ олж шинэ төв цэвэрлэх байгууламжийн шав тавьж байгаад баяртай байна гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын ажиллагаанд оролцохдоо хэллээ.
Энэ төсөл нь түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гурван жилийн хугацаанд хэрэгжиж, нэг жилийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийж, инженер техникийн ажилчдыг дагалдуулан сургана. Төслийн бүтээн байгуулалтад дотоодод үйлдвэрлэсэн барилгын материалыг өргөнөөр ашиглах бөгөөд хоёр улсын ажилчдыг тэнцүү тоогоор ажиллуулна.
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган шоо метр ахуйн бохир ус цэвэрлэж, лагийг бүрэн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэнэ. Мөн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, III, IV дулааны станцын технологийн хэрэгцээнд ашиглана.
Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усыг стандартын шаардлагад нийцтэл цэвэрлэж, нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулж, нийслэлийн иргэд тав тухтай ажиллаж амьдрах орчин бүрдэнэ.
Мөн иргэдийг орон сууцтай болгоход нэн шаардлагатай инженерийн дэд бүтцийн салшгүй нэг хэсэг болох бохир ус татан зайлуулах шугам, сүлжээний хүчин чадал нэмэгдэх асуудал давхар шийдэгдэх юм байна.