Нүүр хуудас Улс төр Төмөр зам барих дөрвөн төслийг эхлүүлнэ

Төмөр зам барих дөрвөн төслийг эхлүүлнэ

206
0
Төмөр зам барих
Төмөр зам барих
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм. Дээрх төсөл, хөтөлбөрүүдийг ирэх оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэх үүргийг холбогдох сайд нарт даалгав.

Энэхүү жагсаалтад Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх төсөл болон Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төсөл багтсан байна. Мөн Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх болон Чойрын дэд станц барих, өргөтгөх төслийг ч багтаасан аж. Үүнээс гадна Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Алтай сум хүртэлх 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл хэрэгжүүлэхээр жагсаалтад оруулжээ.

Түүнчлэн төмөр зам барих хэд хэдэн төслийг уг жагсаалтад оруулсан байна. Тодруулбал, Нарийнсухайтын уурхайгаас Шивээхүрэн боомт хүртэлх 45.3 км төмөр зам барих төсөл багтав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллах үеэрээ дээрх төслийн ажлыг ирэх хавар эхлүүлэх амлалт өгсөн юм. Ингэхдээ “Монголын Алт” компани болон нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн байна.

Мөн Чойбалсан хотоос Хөөтийн уурхай хүртэлх 192 км төмөр зам барих, Хөөтийн уурхайгаас Бичигт боомт хүртэлх 234 км төмөр зам барих болон Зүүнбаян өртөөнөөс Ханги боомт хүртэлх 281 км төмөр зам барих төсөл Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтад багтжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here