Нүүр хуудас Улс төр Төсвийн байнгын хороо: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хэлэлцүүлгийг хийв

Төсвийн байнгын хороо: Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хэлэлцүүлгийг хийв

199
0
toswiin tuhai huuli
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг боллоо
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ.

Төсвийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 тоот тогтоолоор дээрх хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаанаар ахлуулан байгуулсан юм.

Тус ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар дараахь зарчмын саналуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэж өөрчлөх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ.

Түүнчлэн хуулийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөхтөлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ” гэж өөрчлөх саналыг ажлын хэсэг дэмжсэн байна.

Тогтоолын төсөлд Монгол Улсын хэмжээнд батлагдсан бүх салбарын зардлын норм, норматив, стандартыг шинэчлэх ажлыг зохион байгуулах, урсгал болон хөрөнгийн зардлын төлөвлөлт, төсвийн гүйцэтгэлийн хяналт хийхэд эдгээр норм, норматив, стандартыг хэрхэн ашиглах талаар холбогдох хуульд заасан журам, зааврыг баталж мөрдүүлэх, шаардлагатай бол хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болон 2019 оны төсвийн тухай хуулийг боловсруулахдаа Төсвийн тухай хуульд нийцүүлэн батлагдсан зураг, төсөвгүй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг тусгахгүй байх зэрэг асуудлыг тусгасан байна.

Хуульд оруулах нэмэлтийг 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ хэрэгжүүлж амжих эсэхийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн лавласан бөгөөд Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд хэрэгжүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хариулсан юм.

Ингээд ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here