Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая /2019-02-01/-ний 10:00 цагт хуралдаж УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонгохыг дэмжлээ. Санал хураалтад 13 гишүүн оролцсон бөгөөд гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Хэлэлцүүлгийн явцад асуулт асуух гишүүн байхгүй байсан бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат санал хэллээ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатарт хуулиа дээдэлж ажиллахыг санууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат,
Г.Занданшатар сайдыг энэ ажлыг хийчих төрийн дадлага туршлагатай гэж бодож байгаа. Засгийн газрын гол тогоог барьж ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байгаа. УИХ-ын дарга болох хүн хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Парламентын нэр хүндийг сайжруулах, гишүүдийн эвийг олоход УИХ-ын даргын үүрэг роль маш чухал. УИХ-ын дарга парламентын нэрийн хуудас шүү. УИХ-ын дарга муу ажиллавал 38 хүний гарын үсгээр огцруулах хуулийн заалт байгаа гэдгийг санаж ажиллаарай. Ирэх хаврын чуулганд шийдэх хамгийн чухал асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлт. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах маш олон ажил хийсэн шүү. Энэ хүмүүсийн ажил талаар болох вий. УИХ-ын шинэ дарга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн болсонд олзуурхаж байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан,
Би нэг л зүйлийг захья. Г.Занданшатар дарга та дээрээ ганцхан даргатай болсон. Хууль тогтоох дээд байгууллагын дарга хуульд л захирагдана. Тиймээс хуулиа дээдэлж ажиллахыг танд хүсье. Харин УИХ-ын өмнөх дарга М.Энхболд дарга бол Төрийн байгуулалтын байнгын хорооны ажилд идэвхтэй оролцдог гишүүдийн нэг. Энэ парламентыг гурван жил шахуу удирдахдаа чамгүй олон хууль батлуулсан. Ингээд М.Энхболд даргын хууль тогтоох цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье
эх сурвалж: itoim.mn