Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар Улаанбаатар хотоос мордож, Завхан аймагт ирлээ. УИХ-ын дарга болон түүнийг дагалдан яваа багийнхныг аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа зэрэг аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтаж авлаа.
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан УИХ-ын даргад аймаг, орон нутгийнхаа ажил төрлөөс танилцуулав. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг боловсруулан, ард иргэдийнхээ саналыг авч, хөтөлбөр төлөвлөгөөндөө нарийвчлан тусгаж, “Хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг” болох зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
Завхан аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 24 сум, 115 багтай, 21.6 мянган өрх, 70.9 мянган хүн амтай аж. 2016 оны эцэст 3.4 сая мал тоолуулж, өнгөрсөн оноос малаа 8.7 хувиар буюу 273.2 мянгаар, таван төрөл дээр нь өсгөсөн байна.
Тус аймагт тулгамдсан, шийдвэрлэвэл зохих гурван асуудал байгааг Засаг дарга Д.Батсайхан танилцууллаа. Тэдгээр нь:
- Аймгийн төв Улиастай суманд төвлөрсөн халаалтын 35 МВт-ын дулааны станц байгуулах;
- Улиастай-Тосонцэнгэл чиглэлд 67 км хатуу хучилттай зам тавих;
- Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ хуучирч засвар, өргөтгөл хийгдээгүй удсан тул батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төсвийн дагуу шугам сүлжээг шинэчлэх асуудал ажээ.
Аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоол, гаргасан шийдвэр, тэдгээрийн зорилго, ач холбогдол, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, төр засгаас цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар танилцууллаа. УИХ-ын үйл ажиллагаа улсын эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалт татах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, банк санхүү, татвар, нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд гол анхаарлаа хандуулсан гэж М.Энхболд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Дараа нь иргэд сонирхсон асуултаа тавьж, санал бодлоо илэрхийллээ. Тэд орон нутагт улстөржилт, намчирхал их байна, төрийн туршлагатай албан хаагчдыг сонгуулийн дараа халж сольдог явдал газар авлаа, УИХ, орон нутгийн сонгуулиар АН ялсан ганц аймаг бол Завхан. Сөрөг намынхан засаглаж байгаа гээд биднийг битгий орхичихоорой. Ажилгүйдэл их байна. Залуусыг ажилтай байлгахад төрийн бодлого чиглэмээр байна, ахмадуудын халамж, хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогоо цаашид үргэлжлүүлэх, эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрийг Завханд хэрэгжүүлэх зэрэг асуудлыг голчлон хөндөж байлаа. Түүнчлэн Завханыг ДЦС-тай болгох, Тэлмэний станцын бүтээн байгуулалтыг шийдвэрлэх, Улиастайг Улаанбаатартай холбох хатуу хучилттай замыг тавьж дуусгах, Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлж байгаа аймгуудад Сүүний үйлдвэр байгуулах төслийг Завханд хэрэгжүүлэх хүсэлтийг тавив.
Иргэдийн тавьсан асуулт, санал хүсэлтэд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон салбарын сайд, дэд сайд нар хариулт өглөө.
Завхан аймгийн Ардын уламжлалт эмнэлгийн байрыг өргөтгөх асуудлыг судалж, гемодиализийн аппаратад орох шаардлагатай хүмүүст зориулан хоёр аппаратыг 3-р сард багтаан суурилуулж, эмийн төсвийг нь шийдэж өгнө гэж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэллээ.
Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле Засгийн газраас мах, сүүний аян хэрэгжүүлж байна. Сүүний үйлдвэрийг орон нутагт байгуулах асуудлыг тухайн аймгийн малын тоо толгой, сүү бэлтгэх нөөцөд үндэслэн шийдвэрлэж байгаа. Тиймээс хүсэлтээ яаманд ирүүлээрэй. Судалж үзээд шалгуурыг хангаж байгаа бол үйлдвэрийг Завханд байгуулж болно гэв.
“Тэлмэнд ДЦС барих ажил 2009 оноос яригдаж эхэлсэн. 2013 онд концессийн гэрээ хийсэн. 2016 онд гэрээнд өөрчлөлт хийсэн. Төслийг хэрэгжүүлж буй “Шинэ Ази майнинг” компанийнхантай уулзаж, ажил удааширч байгаа талаар сануулсан. Тэд энэ хавар ажлаа эхэлнэ гэж амласан. Бид дэмжиж ажиллана. Хэрвээ дахин удааширвал шаардлагатай арга хэмжээг авна. Чигэстэй багийн цахилгаангүй айл өрхүүдийг гэрэлтэй болгохын тулд 100 гаруй сая төгрөгийн санхүүжилт өгнө. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Завханы ДЦС-ын асуудал багтсан. БНСУ-ын 130 сая долларын зээлийн хөрөнгөөр 10 аймагт ДЦС барих буюу шинэчилнэ. Энэ жил зээлийн гэрээ хийж, ажлыг эхлүүлнэ. Энэ 10 аймгийн дотор Завхан аймаг орсон” гэж Эрчим хүчний сайд П.Ганхүү хэллээ.
Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бүх аймгийг Улаанбаатар хоттой холбоно гэсэн зорилт багтсан байгаа. Тиймээс Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн замын ажлын санхүүжилтийг шийдэж, шийдвэрлэнэ гэж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл амлалаа.
УИХ-ын дарга М.Энхболд уулзалтын төгсгөлд үг хэлэхдээ эв нэгдлийг эрхэмлэж, улстөржилтийг хойш тавих, иргэдийн бүтээлч сэтгэлгээ, аймаг, улс орноо гэсэн сэтгэл, санаачилгыг дэмжих, ажлын байр бий болгож, иргэдээ тогтмол ажил, орлоготой байлгахад анхаарах, сахилга хариуцлагыг эрхэмлэж, хэмнэлтийн бодлогыг төрийн бүх шатны байгууллагад баримтлах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Ийнхүү УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй УИХ, Засгийн газрын төлөөлөгчдийн Завхан аймагт хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө. УИХ-ын даргын ажлын айлчлал Увс, Ховд аймагт үргэлжилнэ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.