УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы (2018.10.26) нэгдсэн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тус тус танилцуулсан.
“Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээг 1993 онд тус тус байгуулжээ. Улмаар “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахтан Улс хоорондын гэрээ”
байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжиж, хоёр улсын холбогдох байгууллагууд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Астана хотод гарын үсэг зурсан байна. Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд манай улс 2014 онд хоёр иргэнээ, 2016 онд нэг иргэнээ дипломат шугамаар шилжүүлж авчээ.
Энэ оны 10 дугаар сарын байдлаар манай улсын зургаан иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байгаа бөгөөд тэднээс нэг нь эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм байна.
Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат асуулт асууж, хариулт авав. Иймд хуулийн төслийг дэмжиж батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь дэмжив.