Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы (2017.10.19) үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилуулах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзлээ. Дараа нь Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцэж гишүүдийн 93.3 хувь нь Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаалд томилуулах саналыг дэмжсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав. Ж.Бат-Эрдэнэ 2013-2016 онд Булган аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа.
Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, дараа нь байр сууриа илэрхийлсэн.
Гишүүд, төмөр замын болоод автозамын талаар баримтлах бодлого, дэлхийн дунджаас хэт өндөр байгаа агаарын тээврээр зорчих үнийг бууруулах талаар ямар бодлого барихыг лавлаж байлаа. Мөн хоёр хөршийн хамт байгуулах эдийн засгийн корридорыг байгуулах асуудалд анхаарал хандуулахыг хүссэн.
Нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болох замын асуудалд онцгой анхаарч ажиллана Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн замыг барьж дуусгах асуудлыг нэн түрүүнд анхаарна гэлээ. Мөн агаарын тээврээр зорчих үнийг бууруулах асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ.Үндэсний агаарын тээвэрлэгч компани чухал уу, иргэд хямд үнэтэй, аюулгүй агаарын тээврийн хэрэгслээр зорчих уу гэдгийг судалж үзэн өрсөлдөөнийг бий болгож, зорчих тасалбарын үнийг бууруулах боломжийг бий болгоно, гурван улсын эдийн засгийн корридор байгуулах ажил сүүлийн жилд орхигдсон хэмээгээд энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд далайцтай ажиллана гэдгээ илэрхийлсэн.
Хуралдаанаар Долгорсүрэнгийн Сумьяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцэж гишүүдийн 93.8 хувь нь Д.Сумьяабазарыг Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд томилох саналыг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан. Д.Сумъяабазар 2013 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2014 оноос Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.
Сайдад нэр дэвшигчээс гишүүд хууль бусаар олборлолт хийдэг, нөхөн сэргээлт хийдэггүй компаниудтай ямар хариуцлага тооцох талаар тодруулсан. Мөн ашигт малтмалын хайгуулын болоод ашиглалтын лиценз эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх талаар анхаарал хандуулж ажиллахыг хүсч байлаа. Д.Сумьяабазар: орон нутагт үүсээд буй уул уурхайн олборлолт, хууль бус үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судалж, асуудлыг шийдвэрлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр, ашигт малтмалыг нь олборлочихоод нөхөн сэргээлт хийдэггүй, хүний юм шиг сэтгэлээр ханддаг, лицензээ дамжуулан худалддаг зэрэг хууль бус үйлдэлтэй хатуу тэмцэж, хариуцлага тооцно гэлээ. Мөн үүргээ ухамсарлан ажилладаг, нөхөн сэргээлтийг цаг тухайд нь хийдэг аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжинэ гэж хариулсан.
Батжаргалын Батзоригийг Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын албан тушаалд гишүүдийн 88.1 хувь нь дэмжсэн хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. Б.Батзориг 2008-2012 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2015 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайдаар ажилласан. 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа.
Ерөнхий сайдын санал, нэр дэвшигчийн талаарх танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, дараа нь байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, махны олон үйлдвэрүүд байгуулагдсан. Гэтэл мах нь гадагшаа борлодоггүй. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Монгол ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангана гээд байдаг. Гэтэл хураасан ногоогоо агуулах сав бий юу хэмээн лавласан. Б.Батзориг, Монгол мал 60 саяд хүрч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөл дээрээ боссон. Цаашид энэ салбараа зөв бодлогоор авч явбал гурван сая хүнээ экологийн цэвэр хүнсээр хангаад явах боломжтой. Мал эмнэлгийн хяналт, хүнсний аюулгүй байдлын хяналт сүүлийн үед алдагдсан. Үүнийг сайжруулах хэрэгтэй байгаа. Мал эмнэлгийн хяналтыг сайжруулж, үйлдвэрлэлийн аргаар бэлтгэн хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавьснаар экспортод мах гаргах боломж бүрдэнэ. Төмс, хүнсний ногоогоор дотоодоо хангах боломжтой болсон. Зоорь дутагдалтай байгаа нь үнэн. Энэ асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, махны экспорт гэж олон жил ярьж байгаа. Махыг урд хөрш рүү экспортлох боломжтой. Тийм учир урагшаа чиглэсэн зөв бодлого явуулаарай хэмээн захьсан. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базааж, төрийн нэг цонхны бодлогыг барьж ажиллаарай хэмээсэн. Түүнчлэн гишүүд малчид тариаланчдын хооронд үүсдэг маргааныг шийдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарт инновацийг хөгжүүлэх асуудлыг хөндөж байлаа. Нэр дэвшигч Б.Батзориг, Монгол Улс нэг сая га тариалангийн талбайтай. Үүнээс 700 мянган га талбайг эргэлтэд оруулан ашиглаж байгаа. Цаашид газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгож, малчид, тариаланчдын хооронд үүсдэг маргааныг таслах ёстой гэсэн хариулт өгсөн.
Эрчим хүчний сайдын албан тушаалд томилуулах саналыг хэлэлцсэн. Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг энэ сарын 17-ны өдөр хэлэлцэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 93.8 хувь нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилохыг дэмжсэн байна. Ц.Даваасүрэн 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. 2009-2010, 2012-2014 онд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, дараа нь үг хэлж байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгуудад дулааны станц барих асуудал ямар шатанд яваа, ахмад настнуудад үзүүлдэг цахилгааны хөнгөлөлтөд аймгийн төвүүд дэх ахмадуудыг хамруулах боломж бий юу хэмээн тодруулсан. Ц.Даваасүрэн, 10 аймагт дулааны станц барих төслийг БНСУ-ын “Эксим” банкны зээлээр хэрэгжүүлэхээр холбогдох талууд санамж бичигт гарын үсэг зураад байгаа гэсэн мэдээлэл авсан. Энэ ажлыг эрчимжүүлэх талаар, мөн аймаг, орон нутагт амьдарч байгаа ахмадуудыг эрчим хүчний хөнгөлөлтөд хамруулах асуудлыг судлах болно хэмээн хариулсан.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Д.Сарангэрэлийг Эрүүл мэндийн сайдаар томилохыг асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн юм. Д.Сарангэрэл 1995-2003 онд Монголын Үндэсний телевизийн “ММ” агентлагийн ерөнхий редактор, “ММ” агентлагийн захирал, Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор, 2003-2005 онд ТВ5 телевизийн ерөнхий захирал, улмаар 2005-2011 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, 2011-2012 онд МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Улсын Их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдож, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Нэр дэвшигчээс гишүүд асуулт асууж хариулт авсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, хавдартай хүмүүсийн химийн тариаг төрөөс даадаг гэдэг ч тэр мөнгө нь хүрэлцдэггүйгээс ядарсан иргэд өөрсдөөсөө мөнгө гаргаж химийн тариа худалдан авах явдал гардаг гээд энэ асуудлыг шийдэхэд анхаараарай хэмээн захьсан. Эмийн зохисгүй хэрэглээ, хавдрын оройтсон оношилгоо, эх, хүүхдийн эндэгдэл, бэлгийн замын халдварт өвчний тархалт, эмч, эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлсний асуудлыг гишүүд хөндөж ярьсан бөгөөд санаа зовоож буй эдгээр асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн. Ийнхүү Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай Ерөнхий сайдыг саналыг УИХ хэлэлцэж дэмжсэнээр Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоол батлагдаж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын танхим бүрдэн, үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой боллоо. Түүнчлэн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилогдсонтой холбогдуулан Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг баталсан. Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан Монголд Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын шинэ гишүүдэд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.