Нүүр хуудас Улс төр Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

203
0

Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга М.Оюунчимэг нар өнөөдөр (2017.02.15) хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд бизнесийн хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд хэд хэдэн чиглэлд хамтан ажиллах юм. Тухайлбал, Улсын Их Хурлаас эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнестэй холбоотой хууль тогтоомж, зохицуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх, сайжруулах бүхий л шатанд бизнес эрхлэгчдийн саналыг сонсож, тусгах үр дүнтэй механизмыг хөгжүүлэх, МҮХАҮТ-аас бизнесийн орчинтой холбоотой судалгааны тайланг УИХ-ын Тамгын газар болон холбогдох байнгын хороодод тогтмол хүргүүлэх, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилттэй холбоотой асуудал, шийдвэрлэх арга хэмжээний талаар  саналаа УИХ-ын Тамгын газарт хүргүүлэх, бизнес эрхлэгчидтэй сэдэвчилсэн уулзалтуудыг хамтран хийх юм байна.

Мөн УИХ-ын байнгын хороод, дэд хороод болон МҮХАҮТ, салбар танхимууд, танхимын дэргэдэх зөвлөлүүдийг үйл ажиллагааны чиглэлээр холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, УИХ-ын шугамаар гадаад улс оронд хийж буй дээд хэмжээний айлчлалын хүрээнд зохион байгуулагддаг бизнес уулзалтуудыг зохион байгуулахад МҮХАҮТ-д дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран хийхээр санамж бичигт тусгасан байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон хууль тогтоох ажиллагаанд төрийн бус байгууллагуудын саналыг тусгах нь чухал ач холбогдолтой байдгийг онцлоод хоёр байгууллага урт удаан хугацаанд, үр ашигтай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын орлогч дарга М.Сарандаваа болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here