Нүүр хуудас Улс төр Хотын дарга С.Батболд: Монголын сэхээтнүүдийг бэлтгэж байсан эрдмийн их уурхай бол Эрхүү...

Хотын дарга С.Батболд: Монголын сэхээтнүүдийг бэлтгэж байсан эрдмийн их уурхай бол Эрхүү хот

105
0
hotiin-darga
Хотын дарга С.Батболд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Оросын холбооны улсын Эрхүү хотын дарга Бердников Д.В болон Эрхүү хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Улаанбаатар, Эрхүү хотууд нь 1996 онд ах дүү найрамдалт хотуудын хэлэлцээрт гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Хоёр хотын хамтын ажиллагаа уламжлалт, найрсаг харилцаатай явж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод

“Эрхүү мужийн төлөөлөгчийн газар” ажиллаж байгаа нь хоёр хотын залгамж холбоог илэрхийлж байна. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагааны талаарх нэмэлт санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд,

Эрхүү болон Улаанбаатар хотууд өнө эртний найрамдалт харилцаатай. Эрхүү хот Монголын сэхээтнүүдийг бэлтгэж байсан эрдмийн уурхай гэж хэлж болно. Монголчууд Эрхүү хотоор дамжин ОХУ руу бүхий л соёл, эдийн засгийн олон харилцааг үүсгэж байсан. Тэр утгаараа хоёр талын харилцаа эртний түүхтэй. Өнөөдөр Эрхүү хотын дарга албан айлчлал хийж байгааг тохиолдуулан бид хамтран ажиллах гэрээг шинэчлэн үзэглэж байна. Гэрээ шинэчлэгдсэнээр бид цаашид олон салбарт хамтран ажиллах боломжтой. Ялангуяа боловсрол, хот төлөвлөлт, нийтийн тээвэр гэсэн чиглэлүүдээр мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр санал солилцлоо. Уламжлалт ноос ноолууран болон мах, махан бүтээгдэхүүнийг Эрхүү хотын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцлаа. Хоёр хотын хооронд аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх шаардлагатай байна. Улаанбаатар, Байгаль нуур чиглэлийг цааш нь Эрхүү хот руу чиглүүлэх, Эрхүү хотод үйл ажиллагаа явуулж байгаа манай аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцож ярилцлаа” гэж хэллээ.

“Иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээр”-ийн дагуу хоёр улсын иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчдог эрхтэй болсон нь аялал жуучлалын салбарыг хөгжүүлэх томоохон түлхэц болсон юм. Эрхүү муж нь Улаанбаатар хотын аялал жуулчлалын газрын хамт Орос, Монгол, Хятад гурван улсын аялал жуулчлалыг зохицуулах зөвлөлийн гишүүд юм.

ОХУ-ын Эрхүү хотын дарга Бердников Дмитрий Викторович хэлэхдээ “Хоёр хотын харилцаа олон жилийн түүхтэй. Эрхүү хот Монголын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх уурхай байж ирсэн. Одоо ч байгаа.

Одоогийн байдлаар 600 орчим оюутан суралцдаг. Мөн бид газар зүйн байршлын хувьд тун таатай, ойрхон байрладаг. Бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд маш сайхан үндэс суурь, таатай нөхцөл бидэнд бий. Үүнийг цаашид хэрхэн ажил болгох вэ гэдэг асуудал байна.

Хэд хэдэн боломжтой чиглэл бий гэдгийг харж байна. Тухайлбал аялал жуулчлалын чиглэл бол их боломжтой. Бидний гол нөхцөл бүрдсэн. Хоёр орны иргэд чөлөөтэй явдаг нь түлхэц болж байна. Бодит эдийн засгийн чиглэлээр хүнсний чиглэлийг боломжтой гэж үздэг.

Мөн ноолуурын чиглэлээр хамтран ажиллах боломж өргөн байна. Зарим нэг борлуулалтын сувгууд нээлттэй болсон. Энэ боломжийг цаашид өргөжүүлэх, чиглүүлэх тал дээр цаашид хамтран ажиллах хэрэгтэй юм” гэж ярив.

Эрхүү хот нь шинжлэх ухаан, боловсролын том хотын хувьд Монгол Улсад олон боловсон хүчин, сэхээтнүүд бэлдсэн. Хоёр хотууд нь дунд сургуулийн сурагч харилцах солилцох арга хэмжээг жил бүр уламжлал болгон амжилттай зохион байгуулж байна.

Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Л.Амарсанаа “ОХУ-ын Эрхүү хот манай улсад хамгийн ойрхон том хот юм. Шинэ Монгол улс байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улс ОХУ-ын харилцаа Эрхүү мужаар дамжиж явсан түүхтэй.

Анхны Монгол залуусыг Орос хэлний бэлтгэлд сургахаас эхлээд их дээд сургуульд бэлтгэхэд Эрхүү хот онцгой үүрэгтэй. Эрхүү хотын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн 5000 гаруй залуу байдаг. Хоёр орны харилцаа, хоёр хотын харилцааг эдийн засагжуулах шаардлага тулгарч байна.

Эрхүү хотын даргын айлчлал энэ асуудалд чухал түлхэц болно гэж найдаж байна. Учир нь Монголын аж ахуй нэгжүүд жил ирэх бүр нэмэгдэж байна. Мөн Монгол Улс Эрхүү муж хооронд хийгдсэн худалдааны хэмжээ 2016 оноос хойш жил бүр нэмэгдэж байна. Иймээс цаашид энэ асуудалд онцгой анхаарч ажиллана” гэж ярилаа.

Улаанбаатар, Эрхүү хотуудын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор тус хотын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалтыг жил бүр харилцах зохион байгуулах боломжтой юм. Ирэх 2019 онд Халх голын ялалтын 80 жилийн ой тохиох нь 2 улсын иргэдийн хувьд чухал үйл явдал болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here