Нүүр хуудас Улс төр Хуулийн шинэчилсэн найруулгын болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн...

Хуулийн шинэчилсэн найруулгын болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа

186
0
гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг
гишүүд инновацийг дэмжих лобби бүлэг

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа хийсэн юм.

Тус Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Х.Болорчулуун, О.Баасанхүү, С.Чинзориг, Д.Лүндээжанцан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 47 нь буюу 83.9 хувь нь дэмжив. Мөн Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэн юм.

Дараа нь Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.

Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Харин чуулганы энэ сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжин төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал болон зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй аж. Тиймээс хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өнгөрсөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэгийн хуульд заасны дагуу хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулж, редакцийн шинжтэй зарим засвар хийсний зэрэгцээ чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдийн олонхийн дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэгтгэн тусгаж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн асуултад Байнгын хорооны дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд нар хариулт өгсөн юм. Ингээд Байнгын хорооны саналаар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон Арбитрын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here