УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.12.06/ хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.
Уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэн, батлуулах ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан танилцуулав. Байнгын хорооны хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат нар оролцлоо. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Батнасан, Л.Энхболд, Ш.Раднаасэд, О.Баасанхүү, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Гишүүдийн зүгээс уг хуулийн төсөл гадаадын хуулийг шууд хуулбарласан эсэхийг тодруулахын зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр улсын хэмжээнд хэд байгаа, хэчнээн хүн үйлчлүүлсэн талаар илүүтэй сонирхсон юм.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Монгол Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллээс түр хамгаалах байр найм байдгаас 2016 оны 10 дугаар сарын байдлаар 1122 хүн үйлчлүүлсэний найм нь эрэгтэй, 749 нь хүүхэд, үлдсэн 300 орчим нь эмэгтэйчүүд байна. Энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэхэд анхаарсан. НҮБ-ын загвар хууль, бусад 10 гаруй орны хуулийг судалж, монгол гэр бүлийн онцлогт тохируулсан гэж хариулж байлаа.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан нар гадаадын хуулийг шууд хуулбарласан учир төсөл 70-80 хувь нь хэл найруулгын алдаатай, 10-15 жилийн дараа гэхэд монгол гэр бүлийн үнэт зүйл алдагдана гэж байсан бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайн хуулийг шууд хуулахад буруудах зүйлгүй, хамгийн гол нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүргээ л гүйцэтгэх нь чухал гэж байлаа.
Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөлтэй холбогдуулж ажлын хэсгээс гаргасан 33, хамт өргөн мэдүүлсэн Бага, дунд боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төсөлд зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Харин ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоос ганцхан санал гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадсангүй. Энэ нь уг хуулийн төслийн 7.5 дахь хэсэг буюу “Хохирогч гомдлоосоо татгалзсан, эсхүл хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй” гэснийг хасах санал байлаа. Ажлын хэсгийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар энэ харилцаа зохицуулагдах учир хасах саналтай байсан ч, гишүүдийн олонхи нь үүнийг дэмжээгүй юм.
Үүний дараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулж байнгын хорооны гишүүдээс гаргасан 80 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах байсан ч уг асуудлыг дахин долоо хоног хойшлуулж хэлэлцүүлэхээр болов. Учир нь ажлын хэсэг нь гишүүдээс ирүүлсэн саналыг судалж, боловсруулах шаардлагатай байна гэж үзсэн юм.
Хуулийн төслийг буцаах саналыг дэмжив
Үргэлжлүүлэн Засгийн газраас 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцсэн ч хуулийн төслийг сайжруулах шаардлагатай үзэн ажлын хэсэгт буцаасан билээ. Иймд уг хуулийн төслийн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Энхболд танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Нямдорж, Б.Дэлгэрсайхан, Д.Ганболд, Т.Аюурсайхан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Гишүүдийн хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд гадаад улсад данс эзэмших асуудлыг хэрхэн зохицуулахаар болсон тухай илүүтэй сонирхсон юм. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд гадаад улсад данс эзэмшихийг хориглох нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөнө гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Тэгээд ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлого, дансыг мэдүүлэх зохицуулалттай. Мөн төрийн өндөр албан тушаалтан нь гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа нэр дээр данс нээсэн, хөрөнгө нуусан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуулиар зохих ял шийтгэл хүлээлгэх боломж нээлттэй байгаа.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нар хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь гадаадад данс нээх бус оффшор бүс гэдгийг тодорхой болгох, төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд, хамаатан садан офшор бүсэд данстай байж болох эсэх, аж ахуйн нэгжүүд офшор бүсэд данстай байвал ямар нөхцөлд ил тод болгох асуудлыг өмнөх хуралдаанаар ярилцсан ч энэ удаа ахиц дэвшил гараагүй байна. Хуулийн төсөл тодорхой бус хэвээрээ байна гэж байлаа. Иймд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан уг хуулийн төслийг Засгийн газарт буцаах горимын саналыг гаргав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганболд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахыг дэмжлээ
Үүний дараа Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулах асуудлыг хэлэлцэв. Байнгын хороо уг ажлын хэсгийг дангаар байгуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ахалж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Б.Батнасан, Б.Дэлгэрсайхан, Л.Энхболд, Л.Мөнхбаатар нар ажиллахаар болов.
Хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг авч хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” хэмээн заажээ. Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн “нэг удаа” томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.