Элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галт уурхайтай танилцлаа. АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Женнифер Зимдал Галт болон элчин сайдын яамны ажилтнууд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр танилцлаа.
Албаны хүмүүсийг Уурхайн дарга Д.Чинбат, Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Бямбасүрэн, стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Оюундэлгэр,орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн А. Ичинхорлоо нарын хүмүүс хөтөлбөрийн дагуу хүлээн авч, уурхайн үйл ажиллагаатай танилцуулав.
Уг арга хэмжээний үеэр Монголын нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал болон “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааны талаар Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Оюундэлгэр танилцуулга бэлтгэснээ хүргэлээ. Элчин сайд Женнифер Зимдал Галт болон элчин сайдын яамны ажилтнууд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн талаар сонирхсон асуултууддаа хариулт авсан бөгөөд төмөр зам, цахилгаан станц байгуулах төслүүдээ хэзээнээс хэрэгжүүлэх, нүүрсний нэг цонхны бодлого гэж юу болох, төслүүдэд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар мэдээлэл авсан юм.
Уурхайн дарга Д.Чинбат, байгаль орчин түүний нөхөн сэргээлт, боловсон хүчний чадвар нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллаж туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Элчин сайд Женнифер Зимдал Галт АНУ-ын зүгээс уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр Монгол Улсын уул уурхайн яамтай хамтран ажиллаж хэд хэдэн хүмүүсийг явуулан сургалтанд хамруулан туршлага судлуулж байсан.
Иймээс энэ тал дээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэв. Энэхүү нэг өдрийн арга хэмжээ үр дүнтэй болж өндөрлөв.