УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Тэрээр хэлэхдээ “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор яллагдагчаар татах тухай тогтоолыг прокуророос танилцуулсан. Иргэнийхээ хувьд хууль журмын дагуу яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Гэвч өчигдөр үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан нь миний гайхшралыг төрүүлсэн. Асуудлаа хуулийн дагуу ярьж байхад яагаад гэнэт эх сурвалжгүй мэдээллийг тараасан, ямар зорилгоор цацах болов гэдэг асуудал гарч ирсэн. Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банк болоод надтай холбоотой асуудлаар, Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. Үүнийг хараад “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг улс төржүүлж байна гэж ойлгосон. Тиймээс АТГ болон прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр мэдэгдэж болох хэмжээгээр нийтэд мэдэгдэхийг заасан байдаг. Гэтэл өчигдрийн эх сурвалжгүй мэдээлэл нь уг хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж харж байна. Иймд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцыг олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч, шалгаж өгнө үү гэж хүсэлт хүргүүлж байна. Эх сурвалжгүй мэдээллийг олон нийтэд дэлгэж, улс төржүүлж байгаа үйлдлийг анхааралдаа авч өгнө үү гэж хүсч байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой олон зөрүүтэй саналууд нийгэмд явж байгаа. Гэхдээ ОХУ-ын компанийн өмчлөлд байсан 49 хувийг Монгол Улсын Засгийн газар хамтын шийдвэр гаргаж, Монголдоо оруулж ирснийг зөв гэж харж байгаа. Үүгээр дамжуулан АН-ыг харлуулах үйл ажиллагаа хийж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт монголд ямар ч хохирол авчраагүй. Хохирол авчраагүй байгааг хохирол авчирсан гэж харж байгааг нь би буруу гэж харж байгаа. Эрдэнэбат гэдэг хүний асуудлыг яаж шийдэх нь хуулийн асуудал. Би үүнд өөрийгөө хамгаалж, өмөөрөхгүй. Харин гурван сая иргэний амьдрал хүнд байхад харлуулсан улс төрөөр хол явахгүй шүү гэдгийг сануулмаар байна. МАНАН-ын толгой гээд М.Энхболдыг огцруулсан. Одоо МАНАН-г тодорхой болго” гэв.