Нүүр хуудас Улс төр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 40 мянган айл халаагуур залгах боломж бүрдсэн

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: 40 мянган айл халаагуур залгах боломж бүрдсэн

384
0
erchim-huchnii-said-dawaasuren
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.

Ирэх оноос “Оюутолгой” компани манайхаас цахилгаан авна гэсэн. Хаанаас цахилгааны эх үүсвэрийг өгөх вэ?

Энэ онд манай улс 118 Мвт-ын цахилгааны шинэ эх үүсвэртэй болсон. Ирэх жил мөн 100 гаруй Мвт-ын шинэ эх үүсвэртэй болно. Тийм учраас бид ирэх жил “Оюутолгой”-д боломжийнхоо хэмжээгээр цахилгааны эх үүсвэр нийлүүлнэ. “Эрдэнэт”-д 40 Мвт-ын шинэ эх үүсвэр ашиглалтад орно. “ТЭЦ-IV”-ийн шинэчлэлд 90 Мвт-ын эх үүсвэр ашиглалтад орно. Чойбалсанд 50 Мвт, Амгаланд ДЦС-д 50 Мвт, ТЭЦ-III мөн 75 Мвт-ын цахилгааны эх үүсвэрийг шинээр бий болгоно. Шинээр цахилгаан станц барина гэвэл 4-5 жил шаардана.

Хэчнээн айлд цахилгаан халаагуур тавьж болох вэ?

40 мянган айл халуугуур залгах боломж бүрдсэн. Гэхдээ зарим айлын гэрийн цахилгааны хүчин чадал хүрэхээргүй юм билээ. Орлого багатай айл өөрийнхөө гэрийн цахилгааны утас, монтаж хүчин чадал муутай. Таван шар, Дэнжийн-1000, Долоон буудлын айлууд халаагуур залгахад хүчин чадал хүрэлцэнэ.

Шахмал түлшний үйлдвэр байгуулах ажлын явц ямар байна вэ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд Эрчим хүчний яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

Яамны зүгээс айл өрхүүдийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Зуны хугацаанд зүгээр суугаагүй. Энэ хугацаанд нийтдээ нийслэлийн 42 мянган айл өрхүүдэд 4 квтын халаагуур цахилгаан хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, дээрх тооны айл өрх өнөөдөр дулааны асуудлаа цахилгаанаар шийдвэрлэх боломж бүрдсэн гэсэн үг.

Ирэх оны тавдугаар сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн хэрэглээнд ашиглахгүй болсонтой холбогдуулан түүхий нүүрсийг орлох сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг сарын өмнө ашиглалтад оруулсан. Эхний шугамаар 200 мянган тонн орчим сайжруулсан шахмал түлш жилд үйлдвэрлэнэ. Үүнийгээ дахин хоёр шугамаар өргөтгөнө. Ингэснээр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг болно.

Улаанбаатарын нийт хэрэгцээг хангах хүчин чадалтай болно гэсэн үг. Ирэх оны арваннэгдүгээр сар гэхэд үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллана. Ирэх жил айл өрхүүд маань сайжруулсан түлш түлнэ. Ингэснээр агаарын бохирдол доод тал нь 50 хувиар буурна.

Сайжруулсан түлшний үнэ нь ямар байх вэ. Ер нь эрэлт хэр байгаа бол?

Одоогийн түүхийн нүүрсний үнээс дээш гарахгүй. Мөн түүхий нүүрснээс илчлэг нь хоёр дахин илүү. Сайжруулсан шахмал түлшний хувьд олон улсын стандартыг хангасан.

Шахмал түлшний эрэлт хэр байна вэ?

Сайжруулсан шахмал түлшний эрэлт маш их байна. Үйлдвэр сард 10 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор хэрэглээнд нийлүүлээгүй, нөөцөлж байна.

Түгээлтийг хэрхэн зохицуулах уу?

Түүхий нүүрсний сүлжээний адил түгээлт хийгдэнэ. Ер нь түгээлтийн хувьд асуудал байхгүй. Харин хадгалалтын асуудал бий. Яагаад гэвэл 200 мянган тонн сайжруулсан түлш хадгалахад энэ хэмжээний байр савны шаардлага гарна. Тийм учраас шинээр дөрвөн шахмал түлшний складыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Мөн Батлан хамгаалах яамны агуулахуудад нөөцөлнө гэсэн төлөвлөгөөтэй байна.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here