Ноён Т.Оошима Монголын онгон дагшин байгалийн сайхан, үндэсний соёлын өвийн гайхамшгийг нүдээр үзсэндээ баярлан бахархаж, нүүдэлч малчдын ахуйтай цухас боловч танилцаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа
Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, улсын начин Б.Бадамсамбуу түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэлээ.
Хурдан морины уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын Түвшинбатын хээр түрүүлж, Баян-Өнжүүл сумын Батжаргалын хонгор аман хүзүүнд давхисан бол Зуунмод сумын Баярбаатарын шарга халзан, Алтангэрэлийн хул, Цогтбаатарын халтар морьд айрагдлаа.
Үндэсний сурын харваанд эмэгтэйчүүдээс Улсын мэргэн Б.Батжаргал тэргүүлж, Гоц мэргэн Д.Бадамханд удааллаа. Эрэгтэйчүүдээс спортын дэд мастер Д.Алтаншагай түрүүлж, залуу харваач Г.Соёл-Эрдэнэ удаах байрт шалгарсан юм.
УИХ-ын дарга М.Энхболд, Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нар сурын харвааг сонирхох үеэрээ сум тавьж цэц мэргээ сорьсноос гадна наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд, айргийн морьд, уяачид, унаач хүүхдүүд, харваачдад шагнал гардуулж, баяр хүргэлээ.
Түүнчлэн М.Энхболд ноён Т.Оошимад хурдан удмын шарга морь бэлэглэсэн юм. Ноён Т.Оошима морьтой болж байгаадаа ихэд баярлаж, мориндоо “Моори”хэмээх нэр өгөв.