УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11.22 цагт эхэллээ. Чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүн Эрдэнэсийн сангийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсөвийн тухай тогтоолыг хэлэлцэхийн өмнө Монголбанкинд хяналт, шалгалт хийж, үүрэг, чиглэл өгөх шаардлагатай байгааг дурдлаа. Тэрбээр, Эрдэнэсийн сан хэт өндөр үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг, санд хадгалж байсан зарим эд зүйл алга болсон асуудал бий. Мөн Капитал банк дампуурсны улмаас хохирсон иргэдийн асуудлыг ч УИХ ярих хэрэгтэй” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төслийг хэзээ чуулганаар хэлэлцэхийг тодруулав. Мөн үер УИХ-ын гишүүн Л.Энхболд, “Усны тухай хуулийн төсөлд газрын гүний 206 цэнгэг ордыг хамгаалах зохицуулалт тусгасан. Энэ бол ирээдүйд хүн амын ундны усны хэрэгцээг хангах томоохон боломж. Тиймээс энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжихийг хүсч байна” гэлээ.
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтад хийсэн хяналт, шалгалтын дүнг УИХ-аар хэлэлцэх шаардлагатай байгааг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дурдав. Түүнчлэн Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” төслийн 30 хувьд IPO гаргах тогтоолын хэрэгжилтийг танилцуулах шаардлагатай хэмээв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Чуулганаар холбогдох байнгын хороодоор хэлэлцсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцдэг. Тиймээс Оюутолгой, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн төсөл, Монголбанкинд хийсэн шалгалтын дүн, тус банкны ерөнхийлөгчийг огцруулах албан бичиг зэргийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд танилцуулах хэрэгтэй” гэлээ.