~“Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоол~
Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Цахим бодлогын түр хороо нь төрийн алба, үйлчилгээг шуурхай, ил тод, хэмнэлттэй болгох, төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, системийг сайжруулах, иргэний мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон түүний хувийн мэдээллийн өгөгдлийн нууцыг хамгаалах, цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний мэдээллийн дэд бүтцийг хамгаалах чадавх бий болгох, энэ чиглэлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах тогтолцоог боловсронгуй болгох, цахим бодлогын асуудлыг судалж, санал боловсруулах үүрэгтэй ажиллах бөгөөд хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа Байнгын хороотой адил эрх эдэлнэ.
Түр хорооны бүрэлдэхүүнийг 26 гишүүнтэй байхаар тогтоосон бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Б.Баттөмөр, Л.Болд, С.Бямбацогт, Г.Занданшатар, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Л.Оюун-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Б.Ундармаа, А.Ундраа, Н.Учрал, Д.Цогтбаатар, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нарыг тус тус баталсан байна.
Цахим бодлогын түр хороог байгуулснаар төрийн ажил, үйлчилгээг ил тод, хүнд сурталгүй, шуурхай болгох, мэдээлэл технологийн хөгжил, дэвшлийг ашиглан хөгжлийн шинэ гарц, боломжийг судлах, цахим шилжилт хийх арга зам, олон улсын зах зээлд шинэ ажил, бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломжийг судлах, цахим бодлогын асуудал, энэ талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон талын ач холбогдолтой.
Хууль, эрх зүйн хэлтэс