Өнөө өглөө 05 цагийн үед АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс “SpaceX” компанийн Falcon 9 пуужингаар Монгол Улсын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г хөөргөлөө. Уг хиймэл дагуул даваа гарагт Олон Улсын сансрын станцид хүрэх юм байна. Уг хиймэл дагуулыг МУИС, Япон улсын Кюүшюүгийн технологийн институттэй хамтран “BIRDS” төслийн хүрээнд бүтээжээ.Тэртээ 1981 оны гуравдугаар сард сансарт Монгол хүн анх ниссэн цагаас 36 жилийн дараа бид сансар өөд хийсэн хоёр дах чухал алхамаа хийх гэж байгаа нь энэ юм. Монгол улс хиймэл дагуултай болно гэдэг мэдээг хүмүүс анх сонсоод хоёр талдаа далавчтай томоохон сансрын биет төсөөлж байсан билээ. Гэвч Мазаалай баавгайн нэрээр нэрлэгдсэн энэхүү хиймэл дагуул нь 10х10 см буюу тун авсаархан хэмжээтэй.
Энэ нь ЮНЕСКО болон Япон Улсын Засгийн газрын ивээл дор хэрэгжиж буй “Joint Global Multi-Nation Birds” төсөл нь сансарт гарцгүй улс орнуудыг дэмжин анхны хиймэл дагуулаа бүтээж тойрог замд оруулахад нь туслах олон улсын төсөл бөгөөд Монгол, Япон, Нигери, Гана, Бангладеш зэрэг олон улсын 5 хиймэл дагуулыг анх удаа нэг зөөгч пуужингаар тойрог замд оруулна. Манай анхны бага оврын хиймэл дагуул нь 400 км өндрөөр дэлхийг тойрч Шинжлэх ухааны болон технологийн хэд хэдэн шинэ туршилтыг хийх юм. Үүнд: нисэж буй орчныхоо агаарын нягт, цацраг идэвхийн байдлыг тодорхойлох, хиймэл дагуулын байрлалыг оролцож буй орнуудын газрын станцын тусламжтайгаар тодорхойлж сүлжээ зохион байгуулах, соронзон бүртгэгч болон хурдан камерын тусламжтайгаар пассив навигаци хийх бөгөөд 100 метрийн нарийвчлалтай зураг авч илгээх юм.