Өнөөдөр нэгэн астероид буюу сансрын биет эх дэлхийгээс 42 мянга орчим км зайтай нисэж өнгөрөхөөр байна гэж АНУ-ын Сансрын уудам, агаарын орон зайг шинжлэн судлах төв буюу НАСА агентлаг мэдэгдсэнийг “Би-Би-Си” телевиз уламжилжээ. “2012 TC4” энэ сансрын биет нь эх дэлхий болоод хиймэл дагуулуудад ямар нэгэн аюул учруулахгүй, харин ч астериодоос сэрэмжлүүлэх системүүдийн үйл ажиллагааг шалгах боломж болно гэж НАСА-гийн шинжээчид мэдэгдсэн байна.
Судлаачид энэ биетийг анх таван жилийн өмнө олж илрүүлсэн аж. Уг астероидыг 15-30 м өргөнтэй гэж судлаачид тооцоолжээ. Энэ нь харьцангуй жижиг сансрын биетэд тооцогдож байна. Гэхдээ хэрвээ ийм хэмжээний сансрын чулуулаг биет дэлхийг мөргөвөл аюултай. 2013 онд Оросын төвийн бүс нутгийн Челябинск хотод 20 м өргөнтэй астероид унаж дэлбэрсний улмаас үүссэн хүчтэй долгион нь 5000 орчим байшин барилгын цонхыг хагалж, 1000 гаруй хүнийг гэмтээж бэртээж байжээ.