Өнгөрсөн даваа гаригт Дубайд удирдлагатай нисдэг такси амжилттай туршсан талаар “Gulf news” мэдээлснийг “NTV”уламжилжээ. Хоёр хүний багтаамжтай энэхүү нисдэг таксиг Германы автомат агаарын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэдэг “Volocopter” компани үйлдвэрлэж буй юм байна.
Энэхүү удирдлагатай нисдэг таксиг энэ оны дөрөвдүгээр улиралд хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус такси нь цахилгаан тэжээлтэй ба сэнс эвдэрсэн үед аюулгүй нисч, буух 18 хөдөлгүүртэйгээр зохион бүтээгджээ. Мөн байгальд ээлтэй, цэвэр цахилгаанаар тэжээгддэг, маш бага дуу чимээ гаргадаг аж.
Тус улсын Зам, тээврийн албанаас мэдээлснээр, тус такси нь 50 км цагийн хурдтай 30 минут орчим нисэх, агаарт хамгийн дээд тал нь 100 км/цаг хурдлах хүчин чадалтай юм байна. Дубайн угсаа залгамжлах хунтайж шейх Хамдан бин Мухаммед бин Рашид Аль-Мактумын хэлснээр, нисдэг такси хөгжүүлэх тухай тус улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагджээ.