Snapchat-ийн толгой компани болох Snap Inc компани нууцаар IPO хийх бэлтгэл хангасан байсан талаар ойрын эх сурвалжаас мэдээллэсэн байна. Баримт бичгүүдийг саяхан болж өнгөрсөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бэлтгэсэн байжээ.
Компанийн зүгээс 20-25 тэрбум долларыг ирэх 3-р сар гэхэд босгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэж дээрх эх сурвалж ярьсан байна. IPO хийх цаг хугацаа болон бусад зүйлс тодорхой болсон ажээ. Компанийн удирдлага Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон нь бизнест муугаар нөлөөлж чадахгүй хэмээн үзэж байгаагаа хэлсэн байна. Тэдний хувьд зах зээлрүү гарахад бүх зүйл бэлэн болсон. Гэхдээ хэрэв шаардлагатай гэж үзвэл бага зэрэг хугацааг хойшлуулахад асуудал гарахгүй гэжээ.
Snapchat аппликейшныг өдөрт 150 сая идэвхитэй хэрэглэгч ашигладаг бөгөөд өнгөрсөн 2015 онд зар сурталчилгаанаас 59 сая доллар олж байсан бол энэ жил одоогийн байдлаар зар сурталчилгааны орлого 350 саяаас давж нэмэгдээд байгаа юм.
Тэрбумаас бага орлоготой тул мэдэгдэлгүй IPO хийхэд бэлдэх боломжтой байсан байна. Snap inc IPO гаргахдаа Morgan Stanley and Goldman Sachs группыг сонгох өндөр магадлалтай байгаа юм байна. Morgan Stanley and Goldman Sachs группын хувьд өмнө нь Facebook-ийн IPO-г гаргаж байсан байна.
Snapchat өмнө нь зөвхөн зураг авах, янзлах, түгээх апп бизнес байсан бол өнгөрсөн долоо хоногт анхны биет бүтээгдэхүүн болох Spectacles-ийг худалдаанд гаргасан билээ. Spectacles нь өөр дээрээ камер суурьлагдсан зураг болон бичлэг хийх боломжтой нарны шил юм.
Spectacles-ийг худалдаанд гаргасны дараагаар тэдний зах зээл дэх үнэлгээ өсч 18 тэрбум долларт хүрээд байсан юм. Snapchat хувьцаагаа зах зээлд гаргаснаар 2013 онд Twitter IPO хийснээс хойшхи нийгмийн сүлжээний компани хувьцаа гаргасан хамгийн том тохиолдол болох ажээ.