Нүүр хуудас Шинжлэх ухаан “ХХААХҮ-ийн шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” салбарын чуулган болно

“ХХААХҮ-ийн шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” салбарын чуулган болно

171
0
huns-hodoo-aj-ahui
ХХААХҮ-ийн салбарын чуулган боллоо

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үндэсний чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өчигдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.

Хурлаар чуулганы товыг тогтож, чуулганы хүрээнд болох арга хэмжээний талаар хэлэлцэн, ажлын хэсгийн гишүүдийн хариуцан зохион байгуулах ажлуудыг эцэслэн, төлөвлөгөөг баталсан юм.

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоо-инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга зам, үйл ажиллагааг тодорхойлох зорилготой үндэсний чуулган ирэх сарын 6-нд болохоор товлогдлоо.

Чуулганд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ХХААХҮЯ, БСШУСЯ зэрэг төрийн байгууллага, ХААИС, ШУТИС зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгүүд, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, орон нутгийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүнийг хамруулахаар төлөвлөж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018″ үндэсний чуулганыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле ажиллаж байна.

Тэрбээр, “Үндэсний чуулганы ач холбогдлыг улам өндөрсгөх, УИХ, Засгийн газар, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрүүдийг татан оролцуулах замаар чуулганы цар хүрээг өргөжүүлэх, салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого, зорилт, ололт, дэвшлийг олон нийтэд сурталчлах нь юу юунаас илүү чухал байна.

Чуулганыг хэмжигдэхүйц үр дүнтэй зохион байгуулж, зөвлөмж гаргах ёстой” гэдгийг ажлын хэсгийн гишүүдэд хандан хэлсэн юм.

Үндэсний чуулганы нэгдсэн хуралдаанаар салбарын хөгжил, цаашдын бодлого, шинжлэх ухаан, инновацийн ололт амжилт, хүнс, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хөнгөн үйлдвэрийн салбарын хэтийн төлөв зэрэг үндсэн илтгэл хэлэлцүүлнэ.

Эдгээр илтгэл нь Засгийн газраас хэрэгжүүлж буй гурван тулгуурт хөгжлийн бодлого, тэр дундаа аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал руу чиглэнэ гэдэг дээр ажлын хэсгийн гишүүд санал нэгдлээ.

Салбар хуралдаан хэлэлцүүлэг хэлбэрээр өрнөнө. Салбар, салбарын төлөөлөл болсон эрдэмтэн, доктор, судлаачид хэлэлцүүлгийг удирдан явуулж, чуулганд оролцогчдын дэвшүүлсэн асуудлаар санал солилцож, тэдний сонирхсон асуултад хариулах юм.

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци-2018” үндэсний чуулганы үеэр инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болж, үзэсгэлэнд оролцогчдын салбартаа шинээр бий болж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс шилдгийг шалгаруулж, эмхтгэл хэвлүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here