Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019-06-14/ Азийн Хөгжлийн банкны удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал Кшатрапати Шиважигаар ахлуулсан тус банкны удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир болон бусад албаны төлөөлөл, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон хүрэлцэн ирсэн АХБ-ны удирдах зөвлөлийн найман гишүүн оролцсон юм.
Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэл хотод хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” /BRT/ төслийн талаар, цаашид энэ төслийг санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрт заагдсан зорилго, чиглэлийнх нь дагуу хэрэгжүүлж, төслийн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллах талаар хоёр тал санал солилцлоо.
Мөн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”, “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал болон энэ хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид шинээр хийж хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Манай улсад хүрэлцэн ирж, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцан, цаашид эрчимжүүлэх талд анхаарч ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Нийслэлийн зүгээс Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж, хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллахдаа таатай байдаг. Төсөл хөтөлбөрүүдийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар анхаарч ажиллана” гэдгээ уулзалтын үеэр онцолж хэлсэн юм.