Нүүр хуудас Эдийн засаг Ашигт малтмал экспортлогчидод учирч буй “төлбөрийн дарамт”

Ашигт малтмал экспортлогчидод учирч буй “төлбөрийн дарамт”

179
0
Ашигт малтмал экспортлогчидод учирч буй "төлбөрийн дарамт"

Оюутолгой, Тавантолгойн ордоос ашигт малтмал экспортлогчидод учирч буй “төлбөрийн дарамт”

Оюутолгой, Тавантолгойгоос ашигт малтмал экспортлогч компаниуд өнөөдөр ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас доорх мэдэгдлийг хүлээж авчээ.

“ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын мэдэгдэл” нэртэй уг албан тоотын агуулгыг орчуулан хүргэж байна.

“ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын мэдэгдэл

Экспорт импортын худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэх нь:

ӨМӨЗО-ы Хөгжил шинэтгэлийн хорооноос “Бүс нутгийн боомтын үйлчилгээний төлбөрийн нэршлийг өөрчлөх болон түүний хүрээнд хураамж авах төлбөрийн стандартыг тогтоох” тухай 1319 дугаартай мэдэгдлийг үндэслэн дараах арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.

12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Ганцмод боомтын үйлчилгээний хураамжийн төлбөрийн нэршил болон үйлчилгээний хураамжийн стандартад дараах өөрчлөлтүүдийг оруулж байна.

1. Ганцмодны үйлчилгээний хураамжийг боомтын барилга байгууламжийн арчлалтын төлбөр болгон өөрчилж байгаа бөгөөд арчлалтын үйл ажиллагааг хариуцаж, зохион байгуулах эрхийг Урдын дунд хошууны Ганцмод-Жү Шин компанид олгож байна.

2. Боомтын арчлалтын төлбөрийн стандартыг шинээр тогтоохдоо, хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутамд 8 юань, хилээр нэвтэрч буй машин бүрээс 10 юань, зэсийн баяжмалаас үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хураамж тус тус авна.

ӨМӨЗО-ы Хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан мэдэгдэл нь 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр гарсан бөгөөд ӨМӨЗО-ы бүхий л боомтод хамааралтай шийдвэр ажээ. Монгол улсын хувьд ӨМӨЗО-той хиллэдэг боомтууд нь Шивээхүрэн-Сэхэ, Цагаандэл уул-Өлзий, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээний боомт.

Ганцмодны боомтоор Монголоос Оюутолгойн зэсийн баяжмал, Тавантолгойн нүүрсний экспорт хийгддэг. Боомтын төлбөр хураамж нэмэгдсэнээр Монголын экспортлогч компаниудад тодорхой хэмжээнд ачаалал үүсэх нь ойлгомжтой юм. Боомтын төлбөр хураамж, 12 дугаар сарын нэгнээс нэмэгдэхээр байгаа. Монголын компаниуд ямар хэмжээний төлбөр төлөх вэ гэдгийг өнгөрсөн 10 сарын экспортын хэмжээгээр шилжүүлэн тооцож харвал барагцаагаар 40 орчим сая доллар төлөхөөр байна.

Тухайлбал Монгол улс энэ оны эхний 9 сард 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолж, 1 тэрбум 273.5 сая долларын орлого олсон. З

эсийн баяжмалыг “Оюутолгой” компани болон “Эрдэнэт үйлдвэр” экспортолдог. “Оюутолгой” компанийн мэдээллээр эхний 9 сард 646 мянган тонн баяжмал экспортолж, 978.7 сая долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Зэсийн баяжмал дээр нэмэгдэх 2%-ийн төлбөрийг борлуулалтын орлогоос авахаар байгаа бөгөөд “Оюутолгой” компани 20 орчим сая долларыг төлөхөөр харагдаж байна.

Харин Монгол улс “Оюутолгой” компаниас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /роялти/-ийг 5 хувиар тооцож авдаг. Эхний 9 сард тус компани 55.1 сая долларын роялти төлжээ. Эндээс Хятадын хилийн боомтын 2 хувийн төлбөр ямар хэмжээнийх болох нь харагдах биз ээ. Үүн дээр хилээр нэвтэрч буй бүтээгдэхүүний тонн тутмаас авах 8 юанийн төлбөрийг давхар авахаар бол бүр ч нэмэгдэхээр байна.

Нүүрсний тухайд ч мөн адил Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй 3 компани багагүй мөнгө төлөхөөр байна. Монгол улс эхний 10 сард 18.7 сая тонн нүүрс экспортолсон. Компани бүрээр нь ангилсан тодорхой мэдээллүүд хараахан гараагүй байгаа ч ойролцоогоор 60 орчим хувь буюу 10 орчим сая тонныг Тавантолгойн ордоос экспортолж байгаа.

Тонн нүүрс тутамд 8 юань төлбөрт төлнө гэвэл 80 сая орчим юань буюу 12 орчим сая долларыг компаниуд төлөхөөр байна. Үүн дээр нүүрс тээвэрлэж буй машин тус бүрээс 10 юань гэхээр чамгүй өндөр тоо гарна.

эх сурвалж: mongolianminingjournal.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here