Нүүр хуудас Эдийн засаг А.Тлейхан: Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль САЙН,

А.Тлейхан: Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль САЙН,

89
0
teliahan
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхан

Сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй Монгол орон байгаль цаг уур, өөрийн хэрэглээний онцлогтоо тохируулан “ногоон” эх үүсвэрийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуулт эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал болоод байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Тлейхан сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан юм.

-УИХ-аас 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг анх баталсан. Өнөөдөр энэ хууль хэрэгжээд 11 жил болж байна. Юуны өмнө хуулийн хэрэгжилтийн тухай асуумаар байна?

– Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль бол сайн хууль. Хөрөнгө оруулалтыг дэмжсэн, үнэ тарифыг нь хүртэл валютаар тооцсон, гадна, дотны хөрөнгө оруулагчдын сонирхолыг татсан хууль. Энэ хууль батлагдснаас хойш Эрчим хүчний зохицуулах хорооноос нийт 32 хуулийн этгээдэд нар, салхины эх үүсгүүр барих тусгай зөвшөөрлийг олгосон. Үүнээс нарны 712 МВт чадал бүхий 28, салхины 450.4 МВт чадал бүхий 4, усны 217.4 МВт чадал бүхий 3 хуулийн этгээд, нийт 1,379.8 МВт чадал бүхий нар, салхины эх үүсгүүр барих тусгай зөвшөөрөл аваад байна. Монгол Улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал 1,309.5 МВт байгаа бөгөөд үүнээс үүний 18.1 хувийг нь сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байгаа. Өнөөдрийн байдлаар нийлбэр хүчин чадал нь 35 МВт-ын 3 нарны цахилгаан станц, нийлбэр чадал нь 155 МВт-ын хүчин чадалтай 3 салхин станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, нэгдсэн сүлжээнд нийлүүлж байна. Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 17 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгаа бөгөөд жилдээ 270 орчим сая кВт.ц эрчим хүчийг сэргээгдэх эх үүсгүүрээр үйлдвэрлэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр цаашдаа ч нэмэгдэнэ. Үүнээс харахад өнөөдөр мөрдөгдөж байгаа Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль үүргээ хангалттай сайн биелүүлсэн, хэрэгжилт ч сайн байгаа.

-Гэхдээ Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Дахиад Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хуулинд яагаад дахин дахин өөрчлөлт оруулаад байна вэ?

– Анх УИХ-аар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан 2007 онд дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүчний хөгжил хэр байсан бэ, Монгол Улсын санхүү эдийн засаг ямар түвшинд байсан бэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Тухайн үед дэлхий нийтэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмж асар өндөр үнэтэй, дэвшилтэт техник, технологи өнөөдрийнх шиг хөгжиж чадаагүй байсан. Хоёрдугаарт, Монгол Улсын санхүү, эдийн засгийн чадавхи сул, эрчим хүчний хангамжийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлагатай байсан юм. Анх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг батлахдаа сэргээгдэх эрчим хүчний үнийг хуульчлан, нарийн тогтоож өгсөн. Жишээлбэл, салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллароор худалдаж авна гэх мэтээр тогтоосон заалт бий.

Хууль баталж байх 2007 оны үед ам.долларын ханш 1200 төгрөг байсан. Гэтэл жил ирэх тусам ам. долларын ханш огцом өсч эхэлсэн. Ханшийн зөрүүнээс болж сэргээгдэх эрчим хүчний үнэ, уламжлалт аргаар үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ хоёрын хооронд үнийн зөрүү гарч эхэлсэн. Тиймээс 2015 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, нар, салхины эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно гэсэн заалтыг тусгаж өгсөн. Хуулийн дагуу 2015 оноос эхлэн Сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг нэвтрүүлсэн. Өнөөдөр энэ хуулинд өөрчлөлт оруулах хоёр үндсэн шаардлага байгаа. Нэгдүгээрт, эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал үүссэн. Өөрөөр хэлбэл сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр шинээр ашиглалтад орох тоолонд дэмжих тарифын хэмжээ нэмэгдэж, хэрэглэгчдэд үнэ тарифын дарамт учруулах болсон. Хоёрдугаарт, эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдал үүссэн. Тиймээс яалт ч үгүй Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа эргэж харах ёстой.

-Та сая уламжлалт нүүрсний станцын үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ хоёрын хооронд их зөрүү гарсан гэж ярьлаа. Үүнийг тодруулж болох уу?

-Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифыг тогтоодог. Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг тогтоохдоо Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу тогтоох шаардлагатай болдог. Өнөөдөр хэрэглэгчдэд борлуулж байгаа 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний дундаж үнэ 145 төгрөг байгаа. Гэтэл нарны цахилгаан станцын үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 422 төгрөг байгаа. Харин салхин цахилгаан станцад үйлдвэрлэсэн 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 230 төгрөг байна. Энэ зөрүүг дэмжих тарифаар нөхөж өгдөг. Анх Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсны дараа буюу 2015 онд дэмжих тарифыг 1 кВт.ц тутамд 3 төгрөг 95 мөнгө байхаар тогтоосон. Гэвч нар, салхины цахилгаан станц шинээр ашиглалтад орсноор сэргээгдэх эрчим хүчний үнэ, тарифын зөрүү нэмэгдэж, үүнээс шалтгаалан дэмжих тариф маань 1 кВт.ц тутамд 11 төгрөг 88 мөнгө болж нэмэгдэж байгаа. Цаашид сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн тохиолдолд хэрэглэгчдэд борлуулах сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф нэмэгдэж, хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний үнэ тэр хэмжээгээр нэмэгдэх эрсдлийг бий болгож байгаа юм.

-Үнэ тарифын хувьд их зөрүүтэй байгаа юм байна. Тэгвэл сэргээгдэх эрчим хүч нэгдсэн сүлжээнд нийлүүлэгдснээр эрчим хүчний аюулгүй ажиллагаанд нөлөөлж байгаа гэдэг асуудлыг тодруулж өгөөч?

-Жишээлбэл, нарны цахилгаан станцууд өглөө нар мандахаас эхлэн орой нар жаргах хүртэл эрчим хүч үйлдвэрлэдэг. Салхины станцууд салхигүй өдөр ажиллахгүй. Байгаль, цаг уураас хамааралтай эрчим хүчний ийм эх үүсгүүрүүд нэгдсэн системд үйл ажиллагаа явуулах нь тогтвортой ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Дулааны цахилгаан станцад саатал гарах, эрчим хүчний ямар нэг дутагдал гарах үед бид ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортлон тохируулга хийдэг. Гэхдээ ОХУ-аас манайд өгөх цахилгаан эрчим хүчний дээд хязгаар гэж бий. Тэр нь 245 МВт-аас илүү тохируулга хийх боломжгүй. Үүнээс илүү гарвал ОХУ-аас шууд хязгаарладаг. Тиймээс тогтвортой үйл ажиллагаа явуулж чаддаггүй, байгалиас хараат байдалтай, 245 МВт-аас илүү хэмжээний сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрүүд нэгдсэн сүлжээнд ороод ирвэл бид тохируулга хийж чадахгүйд хүрнэ. Нар гарахаар, эсвэл салхи гарахаар эрчим хүчтэй болно гэж хүлээгээд сууж байж болохгүй биз дээ.

-Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр байгаа юм байна. Тэгвэл олон улсад ямар байдаг юм бол? Харьцуулсан судалгаа бий юу?

-Байлгүй яахав. Эрчим хүчний зохицуулах хорооноос олон улсын жишиг үнийн талаар судалгаа хийж байдаг. Ялангуяа нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ дэлхий нийтэд жил ирэх тусам буурч байна. Жишээлбэл Арабын нэгдсэн Эмират улсад 1 кВт.ц нарны эрчим хүчний үнэ монгол төгрөгөөр тооцоход 57.3 төгрөг, АНУ-д 64.5 төгрөг, Мексикт 78.8 төгрөг, Германд 193.6 төгрөг, БНХАУ-д 186.4 төгрөг байгаа. Дээрх орнуудад үнийн өрсөлдөөнөөр сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн бага үнэ санал болгосон компани сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр барьдаг. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч байгаа. Гэтэл Монгол Улсад 358-430 төгрөгийн үнэтэй байгаа. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос Дэлхийн банкинд хүсэлт гаргаж, Монгол Улсын нарны эрчим хүчний тогтвортой үнэ тарифын талаар судалгаа хийлгэсэн. Бүтэн жил хийсэн энэхүү судалгааны дүгнэлтүүд гарч байгаа. Энэ дүгнэлтэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ хэт өндөр байна гэдгийг тодорхой тусгаж өгсөн байна лээ. Өнөөдөр мөрдөж байгаа үнээс бараг хоёр дахин үнийг бууруулах, нарны цахилгаан станцаар үйлдвэрлэсэн эрчим хүчийг 6.5-8.1 ам.цент, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааныг 5.1-6.4 хүртэл ам.центээр худалдаж авах боломжтой гэдэг тооцоо гаргасан.

Мөн Дэлхийн банкнаас “Сэргээгдэх эрчим хүчний зах зээлийг Монголд эхлүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад шууд саналын аргаар, тусгай зөвшөөрөл олгох механизм үүргээ сайн гүйцэтгэжээ. Одоо дараагийн үе шатанд шилжих шаардлагатай бөгөөд зах зээлд олон хөрөнгө оруулагчдыг татах бус харин үнийг бууруулах үе шатыг нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ үе шатанд өрсөлдөөнт тендер болон аукционы механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг өрсөлдөөнт шалгуураар, хямд үнийн зарчим баримтлан зах зээлд нэвтрүүлснээр цахилгаан эрчим хүчний үнэ буурч болдог гэдгийг олон улсын сайн туршлага харуулж байна. Европ, Ойрх Дорнод, Азийн зарим орнууд өрсөлдөөнт зах зээлийн механизмыг хэрэглэснээр хэрэглэгчдийн үнэ буурсан байна” гэдэг зөвлөмж өгч байгаа. Үнэхээр Дэлхийн банкны судалгааны дагуу үнэ тариф тогтоож эхлэх юм бол уламжлалт, нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас нийлүүлж байгаа цахилгааны үнэ, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж байгаа цахилгааны үнэ хоёр бараг ялгаагүй болно.

-Сэргээгдэх эрчим хүчний үнэ тарифыг буулгах ёстой, үүний тулд хуулинд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Гэвч өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчид үүнийг хэрхэн хүлээж авах бол?

-Өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчидтэй бид уулзсан, нөхцөл байдлаа ярилцсан. Дэлхийн зах зээл дээр сэргээгдэх эрчим хүчний технологийн өртөг буурч, сэргээгдэх эрчим хүчний үнэ нүүрс, байгалийн хий буюу уламжлалт эх үүсвэр эрчим хүчний үнэтэй өрсөлдөх хэмжээнд хүрсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Цаашид сэргээгдэх эрчим хүчийг зөв зохистой хөгжүүлэхийн тулд хэрэглэгчдэд дарамт учруулж, үнэ тарифын барьцаанд оруулах шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Монголд нарны томоохон станц барихаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Ньюком солар энержи” ХХК гэхэд л “Бид Монголд хамгийн хямд үнээр эрчим хүчээ нийлүүлье” гэдэг хүсэлт гаргаж, 1кВт.ц эрчим хүчийг 9.5 ам.центээр нийлүүлэхээр гэрээгээ хийхээр санал ирүүлсэн. Энэ бол дэвшил. Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчийн ч, тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын ч эрх ашгийг тэнцвэртэй хангаж ажиллах ёстой. Тиймээс бид аль болох хөрөнгө оруулагчдийнхаа ч, хэрэглэгчдийнхээ ч эрх ашгийг хамгаалж, сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэгчдэд үнийн дарамтгүй, эрчим хүчний салбарынхаа найдвартай ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хөгжүүлэх шаардлагын хүрээнд ажиллаж байна.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд яг ямар өөрчлөлт оруулахаар тусгаж байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Ганбаатар тэргүүтэй гишүүд “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Энэхүү хуулийн төсөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг бууруулах, сэргээгдэх эрчим хүчээ хөгжүүлэх, өрсөлдөөнт зах зээлийг бий болгох заалтууд орсон. Хуулинд нэмэлт өөрчлөлт орвол салхины эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж, нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 0.08-0.095 ам.доллар, нарны эрчим хүчний үүсвэрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 0.15-0.18 ам.доллараар худалдаж авна гэж хуулиар тогтоосон өндөр үнийг өөрчилж, дэлхий нийтийн жишгийн дагуу хямд үнийн шалгуураар өрсөлдүүлдэг тогтолцоонд шилжүүлэх боломж бүрдэнэ. Хуулинд өөрчлөлт орсноор сэргээгдэх эрчим хүчний үнэ эрс буурна.

-Тэгвэл цаашдаа бид сэргээгдэх эрчим хүчээ яаж хөгжүүлэх ёстой вэ?

– Ямар ч байсан өнөөдөр мөрдөж байгаа хуулиа өөрчилж, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар сэргээгдэх эрчим хүчний үнийг бүрдүүлэх сэргээгдэх эрчим хүчний бага чадлын тархмал эх үүсгүүрүүдийг хөгжүүлэх, хэрэглэгч өөрийн хэрэглээг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, илүү гарсныг нь түгээх сүлжээнд нийлүүлэх, нарны үүсгүүрээр дулааны хэрэглээгээ хангах боломж бүрдэнэ. Цаашид нар, салхины томоохон чадлын үүсгүүрүүдийг цахилгааны хуримтлууртай хослон ажиллуулах замаар системийн тогтвортой ажиллагааг хангах, экспортлох зэргээр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зэрэг асар их боломж бидэнд бий.

-Ярилцсанд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here