~Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа~
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм.
Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, бизнес эрхэлж байгаа орчинг таатай болгох, албан бус бизнесийг албан болгох, мөн эмэгтэйчүүдийг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна.
Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ төвд 5200 гаруй эмэгтэй бизнесийн сургалтад хамрагдаж, 2100 гаруй байнгын харилцагчтай болжээ. Мөн бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төсөлд түлхүү хамруулж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлж, борлуулахад нь туслалцаа үзүүлдэг байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн инкубатор төвд 28 эмэгтэй бараа бүтээгдэхүүнээ борлуулж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний бараа, бүтээгдэхүүнийг сонирхож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцсан юм.
Инкубатор төвд бизнесээ бойжуулж байгаа тэдгээр эмэгтэйчүүд 135 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бараа бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулсан техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар авч, гоо сайхны бүтээгдэхүүн, гарын саван, мөөг, хар сармисны ханд зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгалийн чулуун бэлэг дурсгалын зүйл, гар урлал, оёдол зэрэг олон салбарт бизнес эрхэлж байгаа юм байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд энэ төвийн үйл ажиллагаанд хамрагдсанаар чаддаг зүйлээ хэрхэн бизнес болгох, бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн нэвтрүүлэх зэрэг мэргэжлийн зөвлөгөө авч зарим эмэгтэй бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нь нэмэгдэж, тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт байдаг зэрэг ажил олоход хүндрэлтэй байдаг иргэдийг ажлын байраар хангах болжээ.
Жишээ нь, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн инкубаторын 2-р оролцогч н.Жаргалсүрэн Монгол оронд хамгийн олдоц ихтэй хонины ноос ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.
Тэрбээр төсөлд анх хамрагдахаа зөвхөн цаасан дээрх төсөлтэй ирсэн бол өдгөө өөрийн гэсэн урлантай болж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоёр хүнийг ажлын байраар хангаж байгаа юм байна. Мөн төсөлд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн тусламж гэхээс илүүтэй шат дараалсан зааварчилгаа авч, бизнесээ амжилттай хөгжүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн юм.
Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төсөл нь гурван жилийн хугацаанд 1.2 сая ам.долларын санхүүжилттэй эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж, олон эмэгтэй бизнесийн гараагаа эхэлж, өргөжүүлж байгаа тул цаашид төслийн хугацаа болоод санхүүжилтийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэдэнд амжилт хүсч, бизнесийн үйл ажиллагаа нь улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөв.