Биткоин нь одоогоор хамгийн их зах зээлийн үнэлгээтэй цахим мөнгө юм. Биткойны ханш 3000 ам. доллароос давж, бүх цаг үеийн хамгийн өндөр үнэд хүрлээ. Одоогоор АНУ ба Европт олон зуун компани үйлчилгээний газрууд биткойныг албан ёсны төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрч үйлчилгээ хийдэг.
Та хэн нэгэнд мөнгө шилжүүллээ гэж үзэхэд банк дахь өөрийн данснаас нөгөө хүнийхээ банк дахь данс уруу шилжүүлнэ. Юм худалдан авахад ч, карт ашигласан ч адилхан үйлдэл хийгдэнэ. Харин биткойн бол peer-to-peer систем юм. Юу гэсэн үг вэ гэвэл биткойныг ашиглаж байгаа тохиолдолд та биткойны P2P системийг ашиглан ямар ч дундын зохицуулагчгүйгээр (банк г.м) нөгөө хүндээ шууд мөнгөө дамжуулна.
Гэхдээ банкны зарчмаас арай өөр. Та хэн нэгэн уруу мөнгө шилжүүлэхэд биткойны сүлжээ ашиглан илгээх ба таны гүйлгээг сүлжээнд байгаа бүх хүн мэдэх болно. Танд 10 биткойн байснаас 4-ийг над уруу шилжүүллээ гэж бодоход таны дансанд 6 үлдэж, минийх дөрвөөр нэмэгдэж байгааг сүлжээний бүх хүн мэдэж байх ёстой. Банк ашиглаж байгаа үед таны гүйлгээг банк, та, хүлээн авагч этгээд гурав л мэдэх болохоос, банкны бүх харилцагчид мэдэхгүй. Харин биткойны хувьд сүлжээнд байгаа бүх хүн хэнд хэдэн биткойн байгаа, хэн хэн рүү хэдийг шилжүүлсэн гэдгийг мэдэж байдаг. Үүнд л гол гогцоо нь байгаа юм.
Энэ оны эхээр Биткойны ханш анх удаа 2000 ам. доллароос давсан бол тавдугаар сард бараг л 3000 ам. доллар шүргэсэн. Харин өчигдрөөс хойш нэгж биткойны ханш 10 хувиар өссөн бөгөөд зарим арилжааны төвүүдэд 3200 ам. доллар хүрсэн тохиолдол гарсан байна.Энэ нь Битконы нийт зах зээлийн үнэлгээ 51,7 тэрбум ам. доллартой тэнцэж байна гэсэн үг юм.
Биткойны ханшны хувьд удаан хүлээлгэсэн хуваалтын дараа үнэ нь тогтворгүй болж, унах байх гэсэн таамаг байсан. Ямар ч байсан наймдугаар сарын нэгний өдрөөс оршин тогтнох болсон Bcash үндсэн биткойны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн юм.
Ингэснээр Биткойн эзэмшиж байсан хүмүүс бүгд ижил тооны Bcash-тай болсон гэсэн үг. Гэвч зарим арилжааны төвүүд хуваагдлаас гарч ирсэн тэмдэгтийг хэсэгтээ хүлээн зөвшөөрөхгүй байхаа шийджээ.