“Ёнхап” агентлагийн уламжилсан энэ мэдээлэлд хямд үнэтэй түлшийг илүүд үзэх болсноор Хятадын нүүрсний хэрэгцээ ирэх 20 жилд аажмаар буурна гэв.
Үүгээр 2040 онд энэ улсын нүүрнсий хэрэгцээ 2.39 тэрбум тонн байх төлөвтэй байгаа нь 2017 оны 2.79 тэрбум тонн нүүрсний хэрэгцээнээс 13 хувиар буурсан байх үзүүлэлт юм байна. Мөн олон улсын Эрчим хүчний агентлагийн мэдээллээр Хятад улсын нүүрсний хэрэгцээ энэ хугацаанд жил бүр 0.6 хувиар багасахаар байна гэж Солонгосын хэвлэлд бичжээ.
Мөн энд мэдээлснээр нүүрсний эрчим хүчний станцуудыг олшруулах болсноор Энэтхэг улсын нүүрсний хэрэгцээ ирэх 23 жилд жил бүр 3.4 хувиар өсөхөөр байна. Тодруулбал, одоогийн хэрэгцээ нь 572 сая тонн байгаа бол 23 жилийн хугацаанд 1.24 тэрбум тонн нүүрс хэрэглэнэ гэсэн тооцоо байна.
Ерөнхийдөө дэлхий нийтийн нүүрсний хэрэглээ 2040 онд 5.4 тэрбум тоннд хүрнэ гэсэн төсөөлөл байна. 2017 онд энэ үзүүлэлт 5.36 тэрбум тонн байжээ.
Хятад улсын нүүрсний хэрэглээ хөрш зэргэлдээх БНСУ-ын агаарын бохирдлын гол шалтгаан болдог байна.
Өмнөд Солонгосын Үндэсний байгаль орчны судалгааны институтын мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжилснаар энэ улсын агаарын бохирдлын нарийн ширхэглэгт тоосонцрын 80 хувь гадаад хүчин зүйлээс тэр дундаа Хятад улсаас хамааралтай байдаг байна.