Нүүр хуудас Эдийн засаг Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага туршлагаас суралцана

Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага туршлагаас суралцана

172
0

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай хамтран дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага, олон улсын туршлагаас суралцах, тус салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор “Тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөгжлийн зорилт 2030-д аялал жуулчлалын салбарын оруулах хувь нэмэр” сэдэвт сургалтыг 2017 оны арванхоёрдугаар сарын 5-7-ны хооронд зохион байгуулж байна.

Сургалтыг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын зөвлөх, зочлох үйлчилгээний олон улсын эксперт, сургагч багш, судлаач Стив Нөүкс удирдан явуулах бөгөөд тэрээр аялал жуулчлалын салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа арвин туршлагатай мэргэжилтэн бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд тэрбээр Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Азийн Хөгжлийн Банкны болон бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тогтвортой аялал жуулчлалын төслийн зөвлөхөөр хамтран ажиллаж байна.

Гурван өдөр үргэлжлэх тус сургалт хоёр өдөр танхимын, нэг өдөр техникийн эрчимжүүлсэн хэлбэрээр явагдах бөгөөд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд түүнийг аялал жуулчлалтай холбох нь”, “Дэлхийн аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн хөтөлбөр ба Монгол улс” зэрэг сэдвээр өргөн хүрээний мэдлэг олгох юм.

Маргааш буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр техникийн сургалтыг Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын гол бүс болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар явуулах ба “Тогтвортой аялал жуулчлалын дэлхийн стандарт” тогтвортой менежмент, нийгэм эдийн засаг, соёлын болон хүрээлэн буй орчны нөлөө буюу нөөц баялгийн хэрэглээ, орчны бохирдлыг багасгах, биологийн төрөл зүйл, байгаль хамгаалал зэрэг шалгууруудад хэрхэн нөлөөлдөг талаар танилцуулна.

Тус сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв, дүүргүүдийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, 21 аймгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, аялал жуулчлалын багш, судлаачид, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдээс нийт 150 хүн хамрагдаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here