Нүүр хуудас Эдийн засаг Д.Тэрбишдагва: Оюутолгойн гэрээг Монголын төрд ашигтай болгохын төлөө ажиллана

Д.Тэрбишдагва: Оюутолгойн гэрээг Монголын төрд ашигтай болгохын төлөө ажиллана

309
0
terbishdagva_ulsiin ih hurliin gishuun
ажлын хэсгийн ажлын явцын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийг байгуулсан билээ.

Тэгвэл тус ажлын хэсгийн ахлагчийг сольж, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулахаар болсон юм. Энэ талаар болон ажлын хэсгийн ажлын явцын талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-УИХ-ын дарга захирамж гарган Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын хэсгийн ахлагчийг сольсон. Та уг нь ажлын хэсгийн дэд ахлагчаар ажиллаж байсан. Ямар шалтгаанаар ажлын хэсгийн ахлагчийг сольсон бэ?

-УИХ-ын даргын захирамжид Д.Дамба-Очир гишүүн удаан хугацаагаар гадаадад томилолтоор ажиллахаар болсон. Энэ чухал ажлыг саатуулж болохгүй гэсэн үүднээс ажлын хэсгийн даргыг солих шаардлага гарсан гэсэн байна. Мөн захирамжийн дагуу ажлын хэсгийн гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нар нэмэгдэж орж байгаа юм билээ.

-Ажлын хэсгийн ажлын явц ямар шатандаа явж байна. Бүрэлдэхүүнд өөрчлөлт орохоор ажил эхнээсээ эхлэх юм биш биз дээ?

-Өнөөдрийг хүртэл ажлын хэсгийн гишүүд бүх чиглэлээр ажиллаж байгаа. Доороо таван дэд ажлын хэсгийг байгуулж, таван Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан чиглэл, чиглэлийн ажлын хэсэг ажиллаж байна. Дэд ажлын хэсгүүд 4-5 удаа хуралдаад, дараагийн долоо хоногт ажлын хэсгийг дахин хуралдуулж, шинэ гишүүд ямар хэсгийг нь хариуцах вэ гэдгийг тодорхой болгоно. Гишүүдээсээ саналыг нь авч байна. Энэ долоо хоногийн гурав дахь өдөр дэд ажлын хэсгүүдийн өнөөдрийг хүртэл хийсэн ажлыг сонсох, дараагийн долоо хоногт ажлын хэсгүүдийн урьдчилсан тайланг авна. Тайланг үзсэний дараа чиглэл өгч ажиллахаар төлөвлөж байна.

-Ажлын хэсэг ямар үр дүнгийн төлөө ажиллаж байна?

-УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны даргын өгсөн чиглэлийн дагуу ажиллана. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг гэж байгуулсан. Дотор нь дэд ажлын хэсгүүд бий гэж дээр ярьсан.

-Оюутолгойд 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Оюутолгой үүний 10 сая ам.долларыг л хүлээн зөвшөөрсөн. Үлдсэн дээр нь маргаан үүсээд байгаа гэдгийг Оюутолгой ТУЗ-ийн дарга мэдээлсэн. Энэ тал дээр ажлын хэсэг ямар байр суурьтай ажиллаж байгаа вэ?

-Ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэй олон чиглэлээр шалгалтын ажлаа эхлүүлсэн байгаа. УИХ-ын даргын өгсөн чиглэл, Байнгын хорооноос гаргасан шийдвэрийн дагуу л ажиллаж байгаа. Ер нь энэ иж бүрэн шалгалтын үеэр татварын актын талаар ч, мөн бусад олон чиглэлийн асуудлыг энд тэндээс хэсэгчлэн яримааргүй байна. Учир нь, энэ том Ажлын хэсэг нэгдсэн нэг дүгнэлт гаргах учиртай. Тэгэхгүй хүн бүхэн Оюутолгойн асуудлыг бүгдийг мэддэг юм шиг буруу, зөрүү зүйл их ярьж байна. Энэ хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан цагаас хойш давуу болон сул тал, ямар үр дүн өгсөн, ямар зүйл дээр бид анхаарах ёстойг судалж, үнэлэлт дүгнэлт өгөх гэж байна. Ажлын хэсгийн гишүүд нууцын зэрэглэлтэй материалуудыг үзэж, танилцаж байгаа учраас урьдчилан гарах дүгнэлтийн талаар ярьж болохгүй гэсэн чиглэл өгөгдсөн байгаа. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд бодит байдалд дүгнэлт хийгээд, үйл ажиллагааг аль алинд нь ашигтай явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. 2007 оноос хойш Оюутолгойг нэлээд судалсан, ярьсан зөв зүйтэй зүйлийг нь дэмжиж ажилласаар ирсэн. Оюутолгойн гэрээ хэлэлцээр Монголын түүхэнд өмнө нь хийж байгаагүй их том хөрөнгө оруулалтаас гадна манай Засгийн газар гадаадын том компанитай хийсэн гэрээ гэдгээрээ ихээхэн онцлогтой. Би Монгол Улсын төрд ажиллаж байгаа хүний хувьд ямар ч байсан энэ гэрээ бидэнд ашигтай байх асуудлыг ярина. Нөгөө талдаа хөрөнгө оруулагч тал ч үр ашиггүй ажиллаж болохгүй шүү дээ. Тиймээс аль, аль талдаа ашигтай байх бодлогыг баримталж ажиллана. Иж бүрэн хийж байгаа шалгалтыг үр дүнтэй болгохын тулд завсар нь янз бүрээр ярих, хөрөнгө оруулагчийг айлгах зүйл яриад хэрэггүй. Тиймээс бодитой байгаа байдлын талаарх дүгнэлтийг бид цаасан дээр гаргаад өгнө.

 ~Оюутолгойн гэрээг Монголын төрд ашигтай болгохын төлөө ажиллана~

-Татварын асуудал дээр 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Арбитр дээр очих нөхцөл байдал үүсээд байгаа гэсэн. Хэрвээ Арбитр дээр очиход хүрвэл Ажлын хэсгийн зогсох ч юм уу асуудал үүсэх үү?

-Ажлын хэсгийн ажил зогсох нөхцөл байдал үүснэ, үүсэхгүй гэдгийг би урьдчилж хэлж мэдэхгүй. Таамаглал хэн ч ярьж болно. Хэн ч хардаж болно. 150 сая ам.долларын татварын актаас гадна илүү ажлын байр бий болгох, улсын төсөвт оруулах орлого, цахилгаан эрчим хүчний хангамж гээд маш олон асуудал бий.

-Монголын талын төлөөлөн удирдах зөвлөлийн гурван гишүүн муу ажиллаж байна гэсэн шүүмжлэл их байдаг. Ажлын хэсгийн ажлын үр дүнд төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг солих ч гэдэг юм уу, хариуцлагажуулах боломж бүрдэх үү?

-Ажлын хэсгүүдэд төрийн албан хаагчид, бусад намын төлөөлөл, иргэний хөдөлгөөн, эрдэмтэн судлаач, хөндлөнгийн шинжээч нар багтсан. Тиймээс нэг талыг барьсан, нэг талыг харсан дүгнэлт гаргахгүй гэдэгт бат итгэлтэй байгаа. Аль аль талын төлөөллийг оруулсан том ажлын хэсэг. Тиймээс ний, нуугүй сайн ярьж авах, хөрөнгө оруулагч талтай ч уулзаж, ойлголцох асуудал гарах байх. Ажлын хэсэг гэдэг бол яг бодит байгаа байдлыг гаргаад, шалгаад, санал дүгнэлтээ гаргана. Харин Ажлын хэсгийн санал, дүгнэлт дээр үндэслээд УИХ бодитой шийдвэр гаргана гэж бодож байна.

-Ажлын хэсгийн шалгалт хэдий хүртэл үргэлжлэх вэ. УИХ-д санал, дүгнэлтээ хэзээ танилцуулах бол?

-Зургадугаар сарын 23 хүртэл шалгалт хийнэ гэж үзэж байгаа. Судлах, тодруулах зүйлүүд их байна. Манай ажлын хэсгээс гадна Засгийн газраас ч хэд хэдэн ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Мөн Оюутолгойд аудиторын шалгалт хийж байгаа сураг байна лээ. Гэхдээ нэгэнт УИХ эцсийн шийдвэр гаргадаг учраас бусад ажлын хэсгийнхний санал, дүгнэлтийг хамтад нь сонсох байх.

-Та Парламентад олон жил сонгогдсон гишүүний хувьд Оюутолгойн хөрөнгө оруулалтын анхны гэрээг хэр сайн гэрээ болсон гэж дүгнэдэг вэ?

-Би 10 гаруй жилийн турш энэхүү гэрээний талаар хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр одоо хувь гишүүний байр суурь биш Ажлын хэсгийн ахлагчийн байр сууринаас хандах болно. Энэ том Ажлын хэсгийн дүгнэлтийг л харна. Ер нь Оюутолгойг нэг талд нь гаргая гэдэг саналыг Их хурал дээр гаргаж, миний гаргасан саналын үндсэн дээр Ажлын хэсэг байгуулах захирамжийг Их хурлын дарга гаргасан.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад оролцсон хоёр ч Ерөнхий сайдаа хориод, шалгаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ талаар дараа яръя. Оюутолгойг тойрсон асуудлууд ийм байгаа үед нарийн зүйл яримааргүй байна. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа би байр сууриа илэрхийлнэ.

-Ярилцсанд баярлалаа.

эх сурвалж: itoim.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here