УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийг баталлаа. Энэхүү батлагдан гарч буй хуульд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ дэргэд “Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай заасан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсны дараа хэрэгжих юм. Тус сан нэг тэрбум хүртэл төгрөг хуримтлуулах, шинээр бизнес эрхэлж буй залуусыг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох зэргээр санхүүжүүлэх боломжтой гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэв.
Хуулийн төсөл боловсруулахдаа 27300 залуусаас судалгаа авснаас 45 орчим хувь нь орон сууцны асуудалтай мөн 27,3 хувь нь хөдөлмөр эрхлэлт,18 хувь нь боловсролын асуудал тулгамдаж байдгаа хэлжээ. Үүнийг үндэслэн залуусыг орон сууцжуулахад мөн бодлогоор дэмжих, даатгалын хуультай уялдуулж төлсөн нийгмийн даатгалаасаа орон сууцны дэмжлэг авдаг байх нөхцөл бүрдүүлэх талаар дэмжиж ажиллах юм байна.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Монголын залууст зориулсан бие даасан хууль гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хүн амын 35.5 хувийг эзэлдэг 15-34 насны залуусын нийгмийн хөгжилд оруулах эрх, үүргийг хуульчлан тодорхойлж байгааг сайшааж байлаа.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал “Залуучуудын хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 181 орноос 71 дүгээр байранд явж байна гэдэг бол чамлалттай үзүүлэлт. Тиймээс ХБНГУ, Швейцарь, Англи зэрэг орнуудын жишгээр залуучуудыг хөгжлийг дэмжих бие даасан хууль эрх зүйн орчинтой болж байгаа нь том дэвшил” гэв.
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авснаар хуулийг анхны хэлэлцүүлгээр 76.1хувийн саналаар дэмжигдэн батлагдав. Уг хууль 2018 оны 1 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.