Сүүлийн жилүүдэд хөрш зэргэлдээ болон бусад улс оронд хүн малын гоц халдварт өвчний тархалт буурахгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2017 он гарсаар БНХАУ-д шувууны томуугийн хүний болон шувууны өвчлөл, БНХАУ, ОХУ шүлхий зэрэг гоц халдварт өвчин гарч , хил дамжин тархах эрсдэл хэвээр байна.
Иймд хилээр нэвтрүүлж буй тээврийн хэрэгслэл, бараа, бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэх шаардлага байнга тугарсаар байна.
МХЕГ-ын дарга, Улсын Ерөнхий байцаагч Н.Цагаанхүүгийн санаачлагаар 2017 оны эхээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорио цээрийн хяналтын газрын удирдлагуудтай уулзалт хийх үеэр Замын-Үүд боомт дээр ариутгал, халдваргүйтгэлийн жишиг байгууламж бариулах асуудлыг хөндөж, улмаар ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Засгийн ордны буцалтгүй тусламжаар 1 сая /370 сая төгрөг/ юаны хөрөнгө оруулалттайгаар бариулах шийдвэрийг гаргасан.
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар нь улсын хилээр нэвтрүүлж байгаа хүн, мал амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгслэлээр дамжин олон улсад шуурхай болон тогтмол мэдээлэх хүн, мал амьтны гоц халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлс нэвтрэхээс урьдчилан сэргийлж, экспорт, импортын барааны аюулгүй байдлыг хангуулах үндсэн чиг үүрэгтэй.
Олон улсын эрүүл мэндийн дүрэм, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад хууль тогттоомжид заасны дагуу улсын хилээр нэвтрүүлж буй ачаа тээш, бараа, тээврийн хэрэгсэлд хийгдэх бөгөөд улмаар хил дамнан халдварлах аливаа халдварт өвчин, ургамлын хорио цээртэй зүйлсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Энэ ариутгал халдваргүйтгэлийн төхөөрөмжийн барилгын ажлыг 2017 оны 8 дугаар сараас эхэлж, өнөөдрийн байдлаар 1.5 сая /555 сая төгрөг/ юаны хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэхүү төхөөрөмж нь хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг автоматаар мэдэрдэг, ариутгалын бодисыг найруулан мананцар үүсгэн халдваргүйжүүлэх хүчин чадалтай, хамгийн сүүлийн үеийн технологиор баригдаж байгаа, стандартын шаардлага хангасан төхөөрөмж юм.
Монгол Улсын байнгын ажиллагатай 26 боомтод ариутгал, халдваргүйтгэлийг шүрших, туулуулах зэрэг аргаар автомакс болон ариутгалын туулуулах ванны тусламжаар хийдэг ч манай орон шиг хүйтний нөхцөлд хөлдөх зэрэг сөрөг үр дагаврууд байдаг.
Цаашид бид бусад хилийн боомтуудад энэ жишгээр ариутгалын төхөөрөмжийг шинээр барих, Гашуунсухайт боомтод баригдсан ариутгалын төхөөрөмжийн усны асуудлыг шийдэж, ашиглалтанд оруулах зэрэг ажлыг МХЕГ-аас Монгол Улсын Засгийн газар болон бусад төсөл хөтөлбөрийн байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхээр төлөвлөж байна.