Үргүйдэл эрэгтэй, эрэгтэй хоёулангаас нь шалтгаална. Эрчүүдийн үргүйдэл нь эмэгтэйчүүдийнхээс дутуугүй олон тохиолддогийг эрдэмтэд баталсан нь бий. Тэдгээрийн дотор бэлгийн чадвар сайн, эрүүл саруул атлаа үр тогтоох чадваргүй байх зэрэг тайлбарлахад үнэхээр хэцүү тохиолдлууд ч байдаг. Үр тогтоох чадвар нь эр хүний сексийн идэвхээс бус үрийн шингэн дэх эр эсийн тоо, чанараас хамаардаг. Хором болгонд эрэгтэй хүний бие махбод мянгаас илүү эр бэлгийн эс боловсруулан гаргадаг. Энэ үйл явц нь бэлгийн бойжилт гүйцэхээс эхлээд нас барах хүртэл тасралтгүй үргэлжилнэ. Ингэж боловсорсон олон сая эр бэлгийн эсүүдээс амьдрах чадвар сайтай эр бэлгийн эс нь өндгөн эсэд хүрч үр тогтооно. Харамсалтай нь эр бэлгийн эс боловсрох хэвийн үйл явцыг хямруулах таагүй хүчин зүйлс олон байдаг байна.
Шалтгаан
Эрэгтэйчүүдийн үргүйдэлтийн үндэс нь гурван эх сурвалжтай:
1) Эр бэлгийн эсийн амьдрах чадвар сул байх
2) Эр бэлгийн эсийн тоо цөөрөх
3) Үр дамжуулах сувгаар дамжих, цацагдах үйл ажиллагаа алдагдах
А. Хэвийн хэлбэр
Б. Гажигтай хэлбэр
Харин эдгээрийн цаана олон шалтгаан байдаг. Үүнд:
– Бэлэг эрхтний гэмтэл болон гажиг (төмсөг буухгүй байх, мушгирсан байх г.м.). Энэ нь 10-12% тохиолдоно.
– Халдварт өвчин. Энд эхний ээлжинд заг хүйтэн, тэмбүү, хламидиоз, трихомониаз г.м. бэлгийн замаар халдварладаг өвчнүүд ордог. Дараа нь хүүхдийн халдварт өвчин болох гахайн хавдар буюу паротит (шүлсний булчирхайн халдварт өвчин) ордог байна. (10% -д тохиолдоно)
– Бэлэг эрхтнүүдийн үрэвсэл. Түрүү булчирхайн үрэвсэл, шээсний сүвийн үрэвсэл.
– Варикоцеле буюу төмсөгний хураагуур судас өргөсөх, үрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас өргөсөх. Энэ үргүйдэлтийн 15%-д нь тохиолддог. Энэ үед өндгөвчний халуун ихсэж, хэвийн үйл ажиллагаа нь алдагдана. Үр дүнд нь эр бэлгийн эсүүд гэмтэнэ.
– Бэлгийн үйл ажиллагааны хямрал. Xөвчрөл алдагдалт, үрийн шингэн хэт хурдан гаргах болон бусад.
– Дархлалын хямрал. Энэ үед бие махбодид эр бэлгийн эсийг устгах чадвар бүхий тусгай бодисууд бий болдог.
– Дааврын хямрал. Эр бэлгийн дааврын дутагдалтай байх.
– Гадны хүчин зүйлс. Архи , тамхи, мансууруулах бодис, зарим эм, байгаль цаг уурын тааламжгүй байдал, цацраг идэвхт бодис, гэрийн хортон устгагч бодис, С амин дэмийн дутагдал, хэт бариу хувцас, халуун ууранд байнга орох, спортоор хэт хичээллэх г.м.
ШИНЖ ТЭМДЭГИЙГ мэдэж, өөрийгөө ажиглая!
Хосууд жирэмслэлтээс сэргийлэх ямар нэг эм, хэрэгсэл хэрэглэлгүй хоёр жил бэлгийн хэвийн амьдралаар амьдарсан ч хүүхэдтэй болохгүй бол хэн нэг нь үргүйдсэн байх магадлал нь 30-40 хувь гэж үздэг. Гэвч үргүйдэл гэдэг нь өвчин биш болохоор гадны шинж тэмдгээр таних боломж байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Үргүйдлийн жинхэнэ шалтгааныг зөвхөн эмч мэрэгжилтэн л олж тодорхойлох тул эрэгтэйчүүдийн эмчид заавал хандах хэрэгтэй. Харин хүүхэдгүй хосууд нь хамтдаа цогц шинжилгээ хийлгэх нь чухал.
Оношилгоо
Эмч эхлээд ажил, амьдралын хэв маягтай холбоотой асуултууд тавих ба дараа нь үрийн сувгийн шинжилгээ хийнэ. Бэлэг эрхтний хэт авианы болон судасны шинжилгээ, цусан дахь бэлгийн дааврын болон халдварын шинжилгээ хийлгэнэ. Мөн дархлалын болон шээс түрүү булчирхайн шингэний шинжилгээ хийдэг.
Эмчилгээ
Хамгийн түрүүнд үргүйдлийг үүсгэсэн шалтгааныг арилгах нь чухал. Үргүйдлийнх нь шалтгаан маш энгийн зүйлд байдгийг эрчүүд заримдаа огт гадарладаггүй. Маш олон тохиолдолд архи, тамхи гэх зэрэг хорт зуршлаа багасгахад л хангалттай байдаг. Дааврын алдагдалтай бол түүнийг тэнцвэржүүлэх дааврын бэлдмэл бичиж өгдөг. Үрэвсэл халдварын үед уг өвчнийг нь эмчилнэ. Дотор бэлэг эрхтний гажигтай үед мэс засал хийгдэнэ. Бэлгийн үйл ажиллагаатай холбоотой бол секс судлаач ба сэтгэл судлаач эмчилнэ. Хамгийн гол нь сэтгэлээр унах явдалгүй. Орчин үед эрчүүдийн үргүйдлийн бараг бүх хэлбэр нь эмчлэгддэг болсон. Yгүйдээ л гэхэд хиймлээр үр тогтоох аргын тусламжтайгаар хүүхэдтэй болох боломжтой билээ.
БЭЛЭГ ЭРХТЭН ЖИЖИГ ЗҮЙЛЭЭС ГЭМТЭХ НЬ ОЛОНТАА
Бэлэг эрхтний гэмтлийг эмчлэхэд гардаг хамгийн том бэрхшээл нь эрчүүдийн эргэлзээ, ичимтгий зан байдаг. Иймээс өөрийгөө эмчлэх тухай мартаж, аль болох хурдан бөөр шээсний замын эмчид хандах хэрэгтэй.
Эрэгтэй хүний бэлэг эрхтний гэмтлүүд нь санаанд оромгүй олон янз байдаг. Хамгийн хачирхалтай нь бэлэг эрхтний гэмтлийг насанд хүрэгчид хамгийн их авдаг. Бэлэг эрхтний хөвчний урагдалт болон сэтрэл, бэлэг эрхтний зүсэгдсэн, хатгагдсан ба хазагдсан шарх, толгойн няцралт, арьсан доорх хөндий биетийн урагдал, эрхтний мултралт, хавчигдал, хуухнагийн гэмтэл, төмсөгний мушгиралт гэх мэт механик гэмтлүүд юм. Жишээлбэл, өмдний цахилгаанд хавчуулах тохиолдол хамгийн элбэг гардаг. Ийм тохиолдолд шарх нь жижиг байвч өвдөлт их байдаг. Ихэвчлэн тээрхий, толгой, хөндийт биений хэсэгт тохиолддог боловч хуухнагийн гэмтэлтэй хавсарч болно.
– Шодойн гэмтлийн өөр нэгэн шалтгаан бол хэт их үрэлт юм. Эхний тохиолдолд арьсны харьцангуй гүн гэмтэл давамгайлдаг бөгөөд эдгэрсний дараа сорви үлддэг. Харин удаах тохиолдолд тээрхийн шамрааны нугалааны урагдал голчилдог. Төрөлхийн богино хөвчтэй хүнд бэлгийн хавьтлын үед хөвч сэтэрч, урагдал үүсч, өвдөлт өгч цус гардаг.
– Бэлэг эрхтний гэмтлийн маш өвөрмөц гэж болохоор төрөл нь хавчигдах гэмтэл юм. Тухайлбал, эрхтнийг төмөр утас болон оосроор ороох, цагираг хэлбэрийн хэрэгсэлийг углах г.м. Хүүхдүүдэд томоогүй зангаас болж ийм гэмтэл авдаг бол насанд хүрэгчид хөвчрөлтийг удаан болгох, эсвэл шээс задгайрлын үед шээсийг тогтоох зэргээс гол төлөв үүдсэн гэмтлийн үед эрхтний венийн цус бүлэнтэх бөглөрдөг.
– Мөн онцгой азгүй тохиолдолд эрхтний хугарал гарах аюултай. Энэ үед юм хугарч буй мэт чимээ гарч, эрхтэн хөх, эсвэл хар туяатай болдог.
– Эрхтний мултрал нь хөвчрөлтийн үед хугаралтай адил нөхцөлд үүсч болно. Эрхтнийг аарцаг ястай бэхлэгч холбоос тасарснаас болж мултарна. Энэ үед эрхтний хөндийт бие нь хярзан, хуухнагны арьсан дор шилждэг. (эрхтэн хоосон уут хэлбэрээр тэмтрэгдэнэ) Мултралыг зассаны дараа тасарсан холбоосыг оёдог. Түүнээс гадна шодойн гэмтлийн уршгаар хөндийт биений нэг нь тасарсч хөндийт биений үрэвсэл үүсэх боломжтой.
– Хэрэв эрхтэн нь хэвийн биш удаан хугацаагаар хөвчрөлтийн байдалд (хэдэн цагаас хэдэн өдөр) байвал цусан хангамж нь алдагдасны шинж юм. Энэ үед хөвчрөлт зогсохгүй бөгөөд хүчтэй өвдөнө. Энэ нь бэлэг эрхтэн дотуур явдаг артерийн судас хагарсантай холбоотой бөгөөд их хэмжээний хөндийт биенд хуримтлагдан цусны хэвийн урсгал алдагдана. Энэ нэлээд хүнд өвчин бөгөөд “приапизм” гэж нэрлэдэг. Чихрийн шижин болон хадуур хэлбэрийн эсийн цус багадалттай эрчүүд припиазм өвчинд өртөмтгий байдаг.
– Шээсний сүвний халдварт болон үрэвсэлт өвчний үед, эсвэл бэлэг эрхтний артерийн судас, сархиатсан эд тасарсаны дараа эдгэрэх явцад сорви үүснэ. Энэ сорви нь цусны урсгалыг алдагдуулаад зогсохгүй эрхтэн жигд хөвчрөхөд саад болдог. Хэвийн үед зөөлөн эдүүд нь бүх чигт өргөсдөг, харин сорвит эд байгаа үед энэ хэсэгт эд тэнийдэггүй. Үүний дүнд Пейроны өвчин үүсч бэлэг эрхтэн хөвчрөх үед муруйлт бий болдог. Бэлэг эрхтэн сул байх үед энэ муруйлт бараг мэдэгдэхгүй боловч хөвчрөл үүсэх бэлгийн хавьтал ч хийх боломжгүй болох нь бий.
– Хүүхдүүд харайж дэвхрэх, унах зэрэг огцом хөдөлгөөний суурин дээр төмсөг мушгиралт бий болох аюултай бөгөөд энэ нь төмсгийг хуухнагийн гүнд бэхлэгч холбоосын дутуу хөгжил, хэт хөдөлгөөнтэй байснаас болж үүсдэг.
Эмчилгээ
Бэлэг эрхтний гэмтэл бэртэл авсан үед яаралтай эмнэлгийн тусламж авсаны дараа бэлгийн чадавх хадгалагдаж үлдэх боломж бараг 100 хувь байдаг. Харин эмчилгээ хийлгээгүй тохиолдолд бэлгийн сулралтай болох эрсдэл 25-75 хувь. Тэр дундаа төмсөгний гэмтэл зэрэг хүнд бэртлийн үед хүний биеийн байдал эрс муудаж өвдөлтийн шок үүсч улмаар үхэлд хүргэх ч аюултай.
Шарх авсан үед юуны түрүүнд халдваргүйжүүлсэн даралттай боолт бэлэг эрхтэнд хийж, боломжтой бол резин, эсвэл цэвэр даавуу, алчуур зэргээр чангалуур тавина. Бэлэг эрхтэн бүрэн тайрагдсан байвал тасарсан хэсгийг хадгалах шаардлагатай. 24 цагийн дотор залгаж оёж болдог. Эсвээс тайрагдсан үед фаллопластик буюу эрхтнийг нөхөн сэргээх пластик хагалгаа хийдэг. Ингэхдээ бэлэг эрхтний тайрагдсан хэсгийг арьснаас авч хавирга, эсвэл пластик эдээр бэхжүүлсэн ишийг дотор нь суулган нөхдөг. Тээрхийн шамрааны шарх байвал оёдол тавих эсвэл шамрааг тойруулж зүсэх хагалгаа хийнэ.
Бэлэг эрхтний гэмтэл нь бага аарцгийн эрхтний гэмтэл болон аарцгийн ясны хугаралтай хавсрах тохиолдол цөөнгүй байдаг бөгөөд аарцагны эрхтний рентген шинжилгээ заавал хийх шаардлагатай байдаг. Ийм тохиолдолд эмчилгээ нэлээд хүндэрдэг. Мөн ил ба далд гэмтэл нь яаралтай мэс заслын хагалгаа шаарддаг. Шодойн няцрал болон гэмтлийн үед цусан хураа үүсэх тул түүнийг нээж нөжнүүдийг авах шаардлагатай болдог. Үгүй бол идээт халдвар үүсч, үр дагаварт нь шодой арилшгүй муруй болж, мөн хэвийн хөвчрөл байхгүй болно.
Бэлэг эрхтний бэртэл гэмтлийн үед шээс бэлгийн системийн байдлын шинжилгээ зайлшгүй хийгддэг бөгөөд үүнд шээс бэлгийн эрхтнүүдийн судаснуудын допплерограф ба давсаг дурандах шинжилгээ ордог.
Бэлэг эрхтний гэмтэл бэртлийн давамгайлах хэсэг нь зөвхөн мэс заслын замаар эмчлэгддэг. Тэдгээрийн олонх нь нөхөн сэргээх хагалгаа шаарддаг.