Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарыг ДЭМЖИНЭ гэв
Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг 2017 онд хэрхэн хангасан хийгээд 2018 онд тус хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулахаа хэлэлцэхээр Үндэсний чанарын зөвлөлийг хуралдуулав.
Үндэсний чанарын хөтөлбөрийн үндсэн зорилго нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалах, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж буй бөгөөд үүнд чиглэсэн 8 үндсэн зорилтыг хэрэгжүүлэх 118 арга хэмжээг 2017-аас 2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Энэхүү хөтөлбөрөөр Монгол Улсын чанарын бодлогын тэргүүлэх салбаруудыг тодорхойлсон, тухайлбал экспортын чиглэлээр мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, метал, метал хийц, жуулчны бааз, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх эрэмбийг тодорхойлсон.
Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын чанарын дэд бүтцийг сайжруулах чиглэлд цемент, арматур, сүү, сүүн бүтээгдэхүүн, гахай, шувууны мах, өндөг, жимс, жимгэнэ, хүнсний зориулалттай сав, баглаа боодол, ноосон даавуун үйлдвэрлэл, мод, модон эдлэл, газрын тос, нүүрс химийн үйлдвэрлэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих явдлыг эн тэргүүнд авч үзэхээр чанарын хөтөлбөрт тусгасан байна.