~Монгол Базальт ХК Хувьцаагаа олон нийтэд худалдах боллоо~
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцсэний дотор “Монгол Базальт” хаалттай ХК нь нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, тогтоол гаргалаа.
Үүний 30 хувь буюу 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрийн 380 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдахыг “Монгол Базальт” ХК-д зөвшөөрөв. Гэхдээ нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцно.
Иймд анхдагч зах зээлийн арилжааг хариуцлагатайгаар зохион байгуулахыг үнэт цаас гаргагч болон андеррайтингийн болон бусад үйлчилгээ үзүүлэгч нарт даалгалаа.
Орон сууцны санхүүжилтийн “МИК ОССК” ХХК-иас хүсэлт ирүүлсний дагуу шинээр байгуулагдсан “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл олгон, тус компаний гаргаж буй 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,364,896 ширхэг баталгаат үнэт цаасыг бүртгээ, тогтоол гаргалаа.
Тогтоолоор, баталгаат үнэт цаасаар баталгаажсан зээлийн багцад буй зээлдэгчдийг “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын дагуу ипотекийн даатгалд бүрэн хамруулах, “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн багцыг тусгай тэмдэглэл хийх, бүртгэх тухай журам”-д заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн байгууллага дахь барьцааны бүртгэлд бүртгүүлж, эргэн мэдэгдэх, анх бүртгүүлсэн барьцаа хөрөнгийн үнэлгээний нийлбэр дүн, хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны урт хугацаатай өглөгийн дүн, үндсэн болон хүүгийн төлбөр төлөлтийн талаарх мэдээллийг сар бүр тогтмол Хороонд ирүүлж байхыг “МИК ОССК” ХХК болон “МИК актив арван тав” тусгай зориулалтын компанид үүрэг болгов.
Мөн, анхны үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч банкинд хяналт тавьж, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалт, эргэн төлөлтөд тавьж буй хяналт шалгалтын тайлан, мэдээг Хороонд ирүүлж байх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг төсөвт дарамт учруулахгүйгээр шийдвэрлэж, зах зээлийн зарчмаар хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж ажиллахыг Монголбанк болон Сангийн яаманд зөвлөлөө.