Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан 2019 оны гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Москва хотноо ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтуховтай 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Аж үйлдвэрийн яаманд хоёр талын уулзалт хийв.
Ч.Улаан 2019 онд Монгол Улс атар газар эзэмшиж, газар тариалангийн салбар хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд манай хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд оросын мэргэжилтнүүд, техник, тоног төхөөрөмж чухал хувь нэмэр оруулсныг онцлов.
Хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдааны тэнцвэртэй бус байдлыг арилгахад хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн, түүний дотор малын гаралтай түүхий эд тухайлбал, ноос, ноолуур, үхрийн шир зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэх замаар Монгол Улсаас ОХУ-д нийлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой болохыг талууд тэмдэглэв.
Хоёр улсын хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд 2017 он болон 2018 онд “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагад суурилан төслийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх сонирхолтой буйгаа талууд тэмдэглэв.
Түүнчлэн Монгол Улс Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдааг ирэх намар зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.