Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Монголбанк нь Мөнгөний бодлогын хороотой байх, уг хороо нь Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нэр дэвшүүлж, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилсон орон тооны бус дөрвөн гишүүнээс бүрдэх тухай зүйл, заалтыг нэмж оруулсан.
Хуулийн дээрх заалтыг үндэслэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр Цэрэндоржийн Батсүх, Цэдэвсүрэнгийн Мөнхбаяр, Чулуундоржийн Хашчулуун нарыг нэр дэвшүүлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий гишүүдийг томилохыг дэмжлээ.