~Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг Д.Тэрбишдагва ахална~
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргаж, “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Дамба-Очирыг чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва гишүүнийг томиллоо.
Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Д.Ганболд, М.Оюунчимэг нарыг нэмж томилохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны гуравдугаар сарын 23-нд гаргасан захирамжийн дагуу “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажиллаж байгаа аж.