Нүүр хуудас Эдийн засаг Фитч агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв.

Фитч агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв.

191
0

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B-Тогтвортой” ангилалд хадгалснаа тавдугаар сарын 28-ны өдөр зарлалаа. Оны өмнө ээлж дараалан унаад байсан зээлжих зэрэглэл ийнхүү тогтворжиж байгаа нь манай эдийн засагт өгөх хөрөнгө оруулагчдын итгэл, хүлээлт нэмэгдэж байгаагийн  илэрхийлэл юм.

ОУВС-гийн захирлуудын зөвлөл тавдугаар сарын 25-ны өдөр хуралдаж Монгол Улсад “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр” хэрэгжүүлэх шийдвэр гаргасан нь зээлжих зэрэглэлийг бууруулахгүй хадгалах үндэслэл болсон байна.

“Фитч” агентлаг хэвлэлийн мэдээндээ “Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан шийдвэр гарсан нь санхүүгийн эрсдэлийг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлнө. Мөн төсвийн үр ашигт байдлыг нэмэгдүүлэх, төсвийн зорилтот түвшинд хүрэх, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангахад хөтөлбөрийн болон уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт чухал ач холбогдолтой юм” хэмээн дурджээ.

Манай улс “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-ийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл авна. Үүний 434 сая ам.долларыг ОУВС-гаас санхүүжүүлэх бол үлдсэнийг нь хандивлагч орнуудаас авах юм.

Уг хөтөлбөр нь дунд хугацаанд Засгийн газрын өрийн төлбөр гүйцэтгэх чадвар болон төгрөгийн тогтвортой байдал, сулралтад ирэх дарамтыг бууруулж байна гэж “Фитч” агентлаг дүгнэсэн байна.

Үүнээс гадна эдийн засгийн хэд хэдэн үзүүлэлтүүдийг сайжруулах боломжтойг дурджээ. Тухайлбал:

  • ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр санхүүгийн салбарт шинэчлэл хийгдэж, Төв банкны засаглал бэхжинэ.
  • Төсвийн алдагдлыг 2017 онд 10%-д хүргэх, 2018 онд 7% болгон бууруулах нөхцлүүдийг дээрх хөтөлбөр хангах боломжтой болж байна.
  • ДНБ-ий өсөлт 2016 онд ердөө 1% байснаас 2019 онд 8% болж өсөхөөр байна. Эдийн засгийн өсөлтийн чадавх нэмэгдсэнээр 2017 онд засгийн нэгдсэн өр тогтворжих төлөв гарсан байна.

Монголын эдийн засаг дунд хугацаандаа сэргэж, хүчирхэгжихийн тулд Оюу толгойгоос гадна Таван толгой төсөл чухал ач холбогдолтой гэжээ.

Энэ тухай өмнө нь S&P агентлаг онцлон дурдаж байсан билээ.

Уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт сэргэснээр экспортын орлого үлэмж нэмэгдэн, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа дууссаны дараа ч Монгол Улсын гадаад төлбөрийн чадварт ирэх дарамтын эсрэг дархлаа тогтсон байх болно гэдгийг “Фитч” агентлаг онцолсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here