Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компаниудад Аудитын тухай, Компаний тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд, эдгээртэй холбоотой тогтоол шийдвэр, зохицуулалтын журам, заавар болон санхүүгийн тайлагналын олон улсын стандартын шаардлагыг хангаж ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Даалгавраар, хувьцаат компаниуд Хороонд бүртгэлтэй хөрөнгийн үнэлгээний компаниар энэ оны хоёрдугаар улиралд багтаан хөрөнгийн үнэлгээ хийлгэж, өөрчлөлтүүдийг санхүүгийн тайланд тусган, дүгнэлтийг эхний хагас жилийн тайлантай хамт ирүүлэх, санхүүгийн тайландаа Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар заавал аудит хийлгэж байх, ногдол ашгийг тухайн жилд багтаан “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчийн дансанд шууд байршуулж байх, өмнөх жилүүдэд ногдол ашгийг компани дээрээ олгодог байсан бол хуваарилсан ногдол ашгийн тооцоог бүрэн гаргаж ирүүлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”, “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг мөрдөж ажиллах, “Компанийн засаглалын кодекс”-ийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тайлбар, холбогдох материалыг энэ оны гуравдугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна. Мөн хувьцаат компани заавал өөрийн цахим хуудастай байх, идэвхтэй ажиллуулахыг санууллаа.
Өгсөн даалгаврыг дурдсан хугацаанд биелүүлээгүй, тайлан, тайлбар болон холбогдох материалыг Хороонд ирүүлээгүй тохиолдолд хуулийн дагуухариуцлага ногдуулахыг анхааруулсан байна.