11 дүгээр сарын 1-ээс цахилгааны шөнийн тарифийг тэглэнэ, иргэн та бэлтгэлээ хангасан уу. Хэрэв үгүй бол БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санаачлан өвлийн 3 сарын хугацаатай ажиллуулахаар болсон Агаар, орчны бохирдлыг бууруулах техник, технологи, мэдээллийн төвийг зориорой.
Уг төв нь байгальд ээлтэй техник, технологиор халаалтын асуудлаа шийдэхээр эрэл хайгуулж хийж байгаа иргэдэд ижил төстэй бүтээгдэхүүнийг харьцуулан өөрийн боломжинд тааруулан худалдан авалт хийх давуу талыг олгож байгаагаараа онцлог юм. Мөн байгальд ээлтэй технологи үйлдвэрлэдэг, нийлүүлдэг иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж байна.
“Барилга мегастор” төвд 2017 оны 10 дугаар сарын 20-ноос энэхүү төвийн эхний ээлжийнхийг нээн ажиллуулж байгаа бөгөөд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр уг төвийн үйл ажиллагаатай танилцаж,хүрэлцэн ирсэн иргэд болон холбогдох ААН-үүдтэй уулзаж санал солилцсон юм.
Тэрбээр “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлуулсны хүрээнд ирэх сарын 1-ээс гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифийг тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүнийг угтан БОАЖЯ болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос иргэд олон нийтэд цахилгааны хөнгөлөлтөө эдлэхэд нь туслах зорилгоор энэхүү төвийг нээж байна. Мөн иргэдийг байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг худалдан авахад эсвэл худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлэх “Ногоон зээлийн сан”-г байгуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаарх мэдээллийг ч энэ төвөөс авах боломжтой юм. Ногоон зээлийн сан байгуулагдсанаар иргэд уян хатан нөхцөлтэй, урт хугацааны зээлээр өөрийн хүссэн бүтээгдэхүүнээ авах боломжтой болох юм” хэмээсэн юм.
Энэхүү үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, гэр хорооллын иргэдэд ойр байлгах зорилгоор 6 буудлын “Оргил” худалдааны төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” худалдааны төв зэрэг байршлуудыг судалж байна.
Хэрвээ та гэр, байшингийн дулаалга, цахилгаан халаалт, цахилгаан зуух, шалны халаалт, боловсруулсан түлш, агаар цэвэршүүлэгч, авто машины био түлш зэрэг байгальд ээлтэй бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөж байгаа бол эсвэл энэ чиглэлийн бүтээгдэхүүн худалдан борлуулдаг бол уг төвийг зориорой.
Ажиллах цаг: 2017 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн
Ажлын өдөр/Мягмар гарагаас бусад/ 10:00-19:00 цагт
Бямба, ням, гарагт 11:00-19:00 цагт
Байршил: “Барилга Мегастор”, Сансарын колонкийн зүүн талд
Холбогдох хаяг: Утас: 80720240, [email protected],
Цахим хуудас: agaar.mn,
Фэйсбүүк хуудас: Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын алба